Виктор Януковичийн хэвлэлийн бага хурал нэлээд шуугиантай болж өнгөрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2016-11-28 10:32:45

Энэ сарын 25-ны үдэш Оросын Ростов–на-Дону хотод Украйны ерөнхийлөгч асан Виктор Януковичийн хэвлэлийн бага хурал болов.

Экс ерөнхийлөгч Янукович хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ “Украйнчууд дайн дажнаас туйлдаж ядарч байгаа. Тэр ч бүү хэл цэргүүд ч дайтахыг хүсэхгүй, дайнаас залхаад байна. Засгийн эрх баригчид  дэмий ярьж, байхгүй буруутныг хайхын оронд юм хийх хэрэгтэй байна. Порошенко ерөнхийлөгчийн амлалтуудыг эхнээс нь биелүүлж, цэргүүдийг гэр рүү нь явуулбал , Украйн сэргэн мандаж эхэлнэ" гэв.

Ерөнхийлөгч асан Виктор Янукович Крымийн хойг болон Донбасс Украйнаас тусгаарласныг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн.

Тэрээр Украйнчуудын 80 хувь  одоогийн эрх баригчдад сөргөөр ханддаг гэж ярьжээ. Тэрээр энэ  11 дүгээр сарын 28-ны өдөр он-лайнаар шүүхэд мэдүүлэг өгсний дараа сэтгүүлчдэд хандан дахин хэвлэлийн бага хурал хийх тухайгаа мэдэгдсэн.

Энэ сарын 25-ны өдөр Украйны экс ерөнхийлөгч Виктор Янукович Оросын Ростов-на –Дону хотод  Киевийн Святошинскийн дүүргийн шүүхэд  2014 оны хоёрдугаар сард Майдан дээр болсон үйл явдалтай холбогдуулан  он-лайнаар гэрчийн мэдүүлэг өгөх ёстой байсан ч,  шүүх хуралд  оролцох “Беркут”-ын 5 экс байлдагч- сэжигтнүүд тодорхой шалтгааны улмаас ирж чадаагүй тул шүүх он-лайн хурлыг энэ сарын 28-ны өдөр хийхээр хойшлуулжээ. 

Украйны ерөнхийлөгч асан Виктор Янукович 2014 оны хоёрдугаар сард Киевийн Майданы талбайд удтал үргэлжилсэн  олон нийтийн үймээний үеэр эх орноосоо  оргон зайлсан. Тэр үед Украйны 100 гаруй иргэн амь үрэгдсэн. Одоо экс ерөнхийлөгч ОХУ-д орогнож байгаа юм.   

Оросын ТАСС агентлагаас  зохион явуулсан Украйны  ерөнхийлөгч асан Виктор Януковичийн  хэвлэлийн бага хуралд  оросын болон гадаадын  300 гаруй сэтгүүлч тусгай зөвшөөрөлтэй оролцжээ.

 А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ