Иргэдийн оролцоотой төвлөрлийг сааруулах боломжийг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурлын нээлт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж байна.
Олон улсын бага хурлыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ, "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө цөмд төрийн шийдвэр гаргахад иргэний оролцоог нэмэгдүүлж байх тухай зорилт тусган ажилласаар ирсэн. Тухайлбал, Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүний ажиллаж байсан энэхүү өрөөг Иргэнээ сонсдог, хуулийн хэлэлцүүлэг өрнүүлдэг “Иргэний танхим” болгон өөрчилж, иргэний оролцооны бодлогыг манлайлан ажиллаж байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аас үлгэр авч, аймаг нийслэл, сум дүүрэг, зарим хувийн хэвшлийн байгууллагууд Иргэний танхим байгуулан ажиллажээ.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд төсвийн төвлөрлийг сааруулж орон нутагт эдийн засгийн эрх мэдэл олгох, төсвийн зарцуулалтыг ил тод мэдээлж түүнд иргэд олон нийт хяналт тавих, улмаар төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангахад олсон ололт амжилт байгаа ч хойшлуулшгүй асуудал байсаар байгааг Ерөнхийлөгч онцгойлон анхаарч ажиллаж байна" гэлээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 105 хуулинд иргэний оролцооны талаар тодорхой хэмжээгээр зохицуулалт туссан байдаг байна. Сүүлийн жилүүдэд иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, саналыг нь сонсох, мэдээллийг иргэдэд хүргэх, төр, иргэний харилцааны эргэх холбоог бэхжүүлэх зорилгоор Шилэн дансны тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд энэ чиглэлийг зохицуулалтыг оруулж өгчээ. Хууль тогтоомжид иргэний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд заалт тусч байгаа ч оновчтой бүтцээр биш, салангид байдлаар зохицуулалтууд явж байгаа учир өнөөдрийн хурлыг зохион байгуулж, нэгдсэн хууль тогтоомжоор хэрхэн зохицуулж болох талаар санал бодлоо солилцох аж. Түүнчлэн иргэний оролцооны томоохон жишээ болох Орон нутгийн хөгжлийн сангийн үйл явц, түүнээс гарч буй ололтууд, хүндрэлийн талаар орон нутгийн төлөөллүүд туршлагаасаа хуваалцана.
Бага хуралд Индонез, Киргизстан, Узбекистан, Непал, Лаос, Камбож, Мьянмар зэрэг орны төлөөлөгчид болон зарим аймаг, сум, дүүргийн төлөөлөл оролцож байна. Олон улсын бага хурал үргэлжилж байна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ