Увс нуур, Тэс голын сав газраар шөнөдөө 40-45 хэм хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-23 16:38:20

 Энэ сарын сүүлчээс эхлэн Увс аймагт хүйтний эрч улам чангарах төлөвтэй байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Энэ сарын 25-аас аймгийн ихэнх нутгаар бага зэргийн цас орж шуурах аж. Одоогоор Увс нуур, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 11-22 хэм хүйтэн байна. Оны сүүлчээр хүйтний эрч улам чангарч энэ үед Увс нуур, Тэс голын сав газраар шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм хүрч хүйтрэх нь ээ. Харин бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэмийн хүйтэн байх аж.

Түргэн, Малчин, Хяргас сумдын нутгаар 32-40 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа бол Сагил, Баруунтуруун сумдад 20-27 см, Улаангом, Өндөрхангай, Давст, Зүүнгомь сумдад 12-17 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Бусад сумдад 1-7 см зузаан цастай, харин Өлгий сум цасгүй хараараа байна.

Ес эхэлж хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хол ойрын тээвэрт явж байгаа ард иргэд анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас онцгойлон санууллаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ