Өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Засаг даргын захирамжаар хоёр ажлын хэсэг томилогдож, энэ сарын 14-15-ны өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн зарим сумдад ажиллаад ирлээ.
Энэ үеэр ажлын хэсгийн гишүүд сумдын онцгой комисст заавар зөвлөгөө өгч, өвөлжилт хүндрэлтэй байгаа бүс нутгийн малчин өрхүүдээр орж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, малчдын санал хүсэлтийг сонссон байна. Үүнээс гадна сумдын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар зөвлөгөө өгчээ.
Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатаар ахлуулсан ажлын хэсэг Давст, Сагил, Түргэн сумдад ажилласан бол орлогч дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Малчин, Наранбулаг, Хяргас сумдад ажилласан байна.
Эдгээр сумдад цас их орсны улмаас малын өвс тэжээл хомсдсон байна. Малчдын хувьд бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 70 гаруй хувийг нь хэрэглэчихсэн, хаваржилт хүндэрвэл малдаа өгөх өвс тэжээлгүй болжээ. Иймээс аймаг, сумаас хөнгөлттэй үнээр өвс тэжээл нийлүүлэх тал дээр анхаарч ажиллаасай гэсэн хүсэлтийг тавьсан байна. Тэрчлэн алслагдсан багийн малчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон төрийн үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа аж.
Б.Батхүү