Өвөлжилт хүндэрсэн багт 4 жирэмсэн эх, 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Давст суманд цасны зузаан 20-70 см байгаа бөгөөд хүйтний эрч 27-30 хэм байна.
Хандгайт багийн Баруун шил, Зүүн шилийн хагас, Тэрмис болон Аараг, Торхилог багийн уулархаг хэсгээр цас их орсон байна. Тус сумын газар нутгийн 60 хувийг Увс нуур, 20 хувийг Улсын тусгай хамгаалалттай газар, хилийн бүс эзэлдэг тул бэлчээрийн хэмжээ хүрэлцээ муутай байдаг аж. Өвөлжилт хүндэрсэн Хандгайт багт 42 өрхийн 195 хүн ам нийтдээ 27 мянга 100 толгой малтай өвөлжиж байна. Үүнд жирэмсэн эх дөрөв, 0-5 хүртэл насны хүүхэд 35, өндөр настан 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 20 байгаа аж.
Давст сумын иргэд 1512 тн өвс, 39 тн тэжээл өнгөрсөн намар бэлтгэж авчээ. Сумын өвс тэжээлийн нөөцөд ОНХС-гийн хөрөнгөөр 40 тн өвс бэлтгэж авсан бөгөөд үүнээс 18 малчин өрхөд 8,4 тн өвсийг тараасан байна. Сумын өвөлжилт хүндэрч байгаа хилийн зурваст 31 өрхийн 19 мянган толгой малыг хилийн зурвас бүсэд бэлчээрлүүлэх саналыг Хилийн Цэргийн 0245-р ангид хүргүүлж, малчид, заставын дарга, сумын Засаг дарга нарын гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.
Б.Батхүү