Монголын ирээдүйн инженерүүдийг "Юнимат" сургалтын төв бэлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2017-01-20 14:56:04

Инженерийн мэргэжлийг сонгон суралцах хүүхдүүдийг багаас нь бэлтгэх, тэдний техникийн боловсрол, сэтгэлгээг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулсан Монгол улсын “Unimat Education” компанийн сургалтын төв үүдээ нээлээ.

Хүүхэд өвсөр үеийнхний техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор 2011 онд байгуулагдсан тус компани Австри улсын THE COOLTOOL  компанийн албан ёсны дистрибютер юм. Австрийн ЮНИМАТ гэх аюулгүйн ажиллагааг хангасан, олон үйлдэлтэй, технологийн бага оврын тоног төхөөрөмж дээр тэд сургалтаа явуулах юм байна.

 Токарь, өрөм, хөрөө, фрэйзэр, точель гэх мэт үйлдвэрийн суурь машинуудыг бага насны хүүхдүүд, эхлэн суралцагчдад зориулан ширээний болгон жижигрүүлж үйлдвэрлэсэн энэхүү хувилбар Европ, Хойд Америк ба Ази тивийн улсуудад сүүлийн 10 жилийн туршид  ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын технологийн хичээлд түлхүү хэрэглэгдэж байгаа билээ. “Өндөр хөгжилтэй улс орны хөгжлийг инженерүүд болон эрдэмтэд тодорхойлж чиглүүлж байдаг. Тиймээс дэлхийд нэртэй шилдэг Монгол инженерүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллана” гэдгээ тус компанийн захирал Э.Энхгэрэл бидэнд ярьсан юм. Монголын ирээдүй болсон залуу хойч үеийнхний инноваци, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинийг эрэлхийлэхэд чиглүүлж байсан Залуу техникчдын ордон нийгмийн шилжилтийн явцад үйл ажиллагааных нь чиг үүрэг өөрчлөгдөж, техникийн дугуйлангууд нь хичээллэхгүй болсон билээ. “Unimat Education” компаний сургалтын төв чухам энэ л орон зайг нөхөн үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Б.Занданхүү

 

 

Холбоотой мэдээ