“Аргагүй амраг 20 жилийн дараа” дахин тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-10 13:10:12

Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа 1996 онд Сингапур улсад бичүүлж байсан "Аргагүй амраг" цомгийн баярын тоглолтоо дахин сэргээн фэнүүддээ хүргэхээр болов.

"Гоолингоо", "Аргагүй амраг" зэрэг дуу нь багтсан энэхүү этник тоглолтоо тэрээр 20 жилийн дараа үзэгч, сонсогчиддоо толилуулах нь.

Нэгэн цагт Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсан поп хатагтайг өндрөөр үнэлсэн бол “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Сараа бол XX зууны Монголын рок попын шилдэг дуучин. Хамгийн гол нь дуулах ур чадварыг бүрэн эзэмшсэн. Ялангуяа “Аргагүй амраг”-ийг урлаж дуулсан нь үгээр хэлэхийн аргагүй” хэмээсэн удаатай.

Хоолойн чадлаас гадна дууны дотоод гоо сайхныг мэдэрч, илэрхийлдгээрээ урлагийн томчуудаас энэ мэт өндөр үнэлгээ авахад “Аргагүй амраг” тоглолт хүчтэй нөлөөлсөн. Тэрбээр "Аргагүй амраг" цомгоо гаргасны дараа этник дууныхаа урын санг баяжуулсаар  "Ихэр саран", "Салхины хээ", "Миний ээж тэмээчин", "Аргагүй Монгол аялгуу", "Анх ижийдээ би ирсэн" зэрэг дуугаа дуулсан байдаг.

“Аргагүй амраг 20 жилийн дараа” хэмээх тодотголтой энэхүү тоглолтын тасалбар 50-70 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг 19001800 дугаарт захиалан хүргүүлэх боломжтой.

Тоглолт өнөө орой 19.00 цагт “Корпорэйт” зочид буудлын “Конвеншн центр” танхимд болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ