Эрдэнэтийн 49 хувийн талаарх талуудын байрь суурь

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-02-14 12:31:02

"Монголын зэс" ХХК, ОХУ-ын төрийн өмчийн "Орос технологи"  компаниас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг  Засгийн газрын 330 тоот тогтоолын дагуу  худалдан авахдаа Үндсэн хууль дахь олон улсын гэрээтэй холбоотой заалт,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Тодорхой ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг  тус тус зөрчжээ.

Хоёр улсын, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хооронд болсон худалдан авалтыг хууль зөрчсөн гэдэг дээрх дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэдийн ахалсан  ажлын хэсэг шалгаж тогтоосон.

"Эрдэнэт" ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авах тухай дөрвөн заалт бүхий тогтоолын төслийг УИХ-ын чуулганы 2017 оны хоёрдугаар сарын 10-ны  нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэний эцэст худалдан авалтын хуулийн зөрчлийг арилгаж төрд шилжүүлэн авах нь зөв хэмээн хуралдаанд оролцсон 61 гишүүнээс 49 буюу  80.3 хувь нь  үзэж УИХ-ын  тогтоол батлагдсан бөгөөд энэхүү тогтоолоор "Эрдэнэт" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаа төрийн мэдэлд шилжихээр болов. 

Тогтоолын нэгдүгээрт, Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болсонд тооцов.

Хоёрдугаарт, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс "Монголын зэс" ХХК 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллахыг даалгав.

Гуравдугаарт, "Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох, хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд,  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт даалгав.

Дөрөвдүгээрт, Монголбанк, Засгийн газар, ХХБ, Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад  хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт хариуцуулав.  

Засгийн газар, УИХ-ын  тогтоолыг  хэрэгжүүлнэ. УИХ-ын  гишүүд тогтоолыг хэлэлцэн батлах явцад Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, оролцогч талуудын илэрхийлсэн  байр  суурь өөр өөр байсан юм.

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : "Эхлээд ганц нэг УИХ-ын гишүүний мэдэгдэл байсан бол одоо шийдвэр болох юм байна. Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байсан. Тухайн үед тэд хийгээгүй. Би улсынхаа төлөө санаа зовсондоо орж ирлээ. Дэлхий нийт Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэдэг ганцхан  л үг хэлнэ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: "Ажлын хэсгээс Засгийн газар хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан шүү. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нууц тушаал гаргаж, 360 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.  Монголбанк зээл олгодоггүй.    

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Хууль зүйн байнгын хорооноос дүгнэлт гарсан, эх оронч гишүүд тогтоолыг баталж, ард түмний эрх ашиг, шударга ёсыг хангасан шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье" гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны үеэр бусдын анхаарлыг татсан нэг асуудал бол "Орос технологи" ХХК-ийн ТУЗ-ийн дарга  И.А. Чемезовын Ерөнхий сайдад    илгээсэн албан бичиг байв.

Тус албан бичиг "Эрдэнэт"-ийн 49 хувийг “Монгол зэс” ХХК-аас Засгийн газар шилжүүлж авсан тохиолдолд Англи, Сингапурын худалдааны шүүхэд  хандах магадлалтай гэсэн утга бүхий байсан юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга  Ж. Мөнхбат "Худалдан авалттай холбоотой шүүх, хуулийн байгууллагаас ямар нэг өр төлбөр гарсан нөхцөлд Засгийн газар төлөхгүй" гэж тайлбар хийж байв.

УИХ-аар тогтоолын төсөл хэлэлцэхэд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэв. 

Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн байр суурийг хүргэе.

 “Монгол зэс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: "Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, өөрийн байр сууриа илэрхийлэх хүсэлтийг бичгээр дөрвөн ч удаа гаргасан. Гэвч ганц ч удаа хариу өгөөгүй. УИХ энэ гэрээ хэлцлийг хууль бус гэж үзэж байгаа бол 49 хувь ОХУ-ын "Ростехнологи" компанид буцна.

ОХУ-ын "Ростех" компанид 400 сая ам.доллар төлсөн 49 хувийг буцаахад хүрвэл Засгийн газраас манай компани хийсэн төлбөрөө нэхэмжилнэ. Гуравдагч этгээдэд шилжсэн тохиолдолд Засгийн газар 100 сая ам.долларын торгууль төлнө" хэмээн өнгөрөгч  сарын 24-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хэлж байв.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон:  "ХХБ-ны нийт актив хөрөнгө 6.6 их наяд, олгосон зээл 3 их наяд гаруй төгрөг. Монголбанк арилжааны банкны үйл ажиллагаанд жилд хоёр удаа хяналт шалгалт хийдэг.  Банк эрсдэлгүй байдал, эргэн төлөлт зэрэгт мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргах хуулийн эрхтэй.  

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд: "Засгийн газрын гарал үүсэлтэй мөнгө энэ худалдан авалтад ашиглагдаагүй гэдгийг баттай хэлж байна хэмээн ХЗБХ-ны хурал дээр мэдээлэл өгч байлаа.

Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ний 49 хувийг “Монгол зэс” ХХК худалдан авсан үйлдлийг хуульд нийцүүлж Төрд шилжүүлэн авах УИХ-ын тогтоол, талуудын байр суурийг хүргэхэд ийм байна.

 

Холбоотой мэдээ