"Евро-2024" Турк улсад болж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТИСТАНБУЛ./CNN/. Лхагва гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үг хэлэхдээ "аюулгүй байдал болон дэд бүтцийн асуудлаас хамаарахгүйгээр “Евро-2024” Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг /ЕАШТ/ өөрийн оронд зохион байгуулна" гэж мэдэгдлээ.
Хөлбөмбөгийн салбарын албаны хүмүүс "Турк улс энэ удаад амжилтад хүрнэ" гэж үзэж байна. Өмнө нь тус улс 2016 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Францтай өрсөлдөж ялагдсан юм. Энэ удаад туркчүүд Герман улстай ширүүн өрсөлдөх нь.
Турк улс 2014 онд “Евро-2020” тэмцээнийг зохион байгуулах саналаа татаж авсан нь 2024 оны тэмцээнд гол анхаарлаа хандуулахаар шийдсэнтэй нь холбоотой юм.
Туркийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Йилдирим Демиронен хэлэхдээ "манай тал мэдүүлгээ 3 дугаар сарын 2-ны өдөр буюу мэдүүлэг авах хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө УЕФА-д албан ёсоор танилцуулна" гэж мэдэгдлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “хөлбөмбөгийн ЕАШТ-ийг зохион байгуулах бидний ээлж болсон” гээд энэ тал дээр дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч Эрдоганд талархал илэрхийлэв.
Спортын сайд Акиф Кагатай Киликийн ярьснаар, Европт хамгийн сайнд тооцогдох цэнгэлдэх хүрээлэнгүүд Туркт байгаа бөгөөд үүнтэй өрсөлдөх цорын ганц хөлбөмбөгийн талбай АНУ-д саяхан баригдсан аж.
Гэсэн хэдий ч өнгөрсөн оны долдугаар сарын 15-ны төрийн эргэлт хийх оролдлого гарсан, олон зуун хүний аминд хүрсэн террорист халдлага болсон, тэмцээн зохион байгуулахад шаардлагатай тээврийн дэд бүтэцгүй зэрэг асуудлууд нь Туркийн боломжийг хааж байлаа.
“Тээвэртэй холбоотой ямар нэгэн асуудал гарна гэж бодохгүй байна” гэж сайд Килик нэмж хэлжээ.
Тус улсад сүүлийн хэдэн жилүүдэд Эрдоганы санаачилгаар дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлж байна. Тэрбээр Туркийг дэлхийн хамгийн том 10 эдийн засгийн нэг болгох зорилт тавьжээ.
Б.Мишээл