Өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-24 15:07:03

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдррийн А/47 дугаар тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. 

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Ховд аймгийн Онцгой байдлын газар орон нутгийн холбогдох байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгож нийт ард иргэддээ хандаж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 
Сар шинийн баярын өдрүүдэд олон өдөр үргэлжлэх болсонтой холбогдуулан Ховд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн холбогдох мэргэжилтнүүд ард иргэддээ хандаж сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.

Тухайлбал аймгийн Цагдаагийн газар замын хөдөлгөөнд оролцогчдод хөл хөдөлгөөн ихсэж байгаа энэ үед нийт 11 пост ажиллуулж, өглөө 07,00-орой 22,0 цаг хүртэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа. Тус аймгийн  Буянт,Манхан,Зэрэг  сумдын засмал замд тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, нялх нойтон хүүхэдтэй хол зорчихгүй байх, шатахууны нөөцтэй байх,батлагдаагүй замаар зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагууд ард иргэддээ сэрэмжлүүллээ.

Айл өрх, албан газрууд ажлын байрандаа компьютер,нөөтбүүк техник хэрэгслэлээ унтраах, найдвартай хамгаалах, орон сууцны айлууд хөдөө гадаа явахдаа орон гэр,эд хөрөнгөө  найдвартай хамгаалж сэрэмжтэй байх нь зүйтэй.

Аймгийн Онцгой байдлын газарт сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой гал түймрийн дуудлага ихсэж буйг анхааруулаад  цахилгаан хэрэгсэл, тогоо, ус буцалгагч, халуун савтай цай хоолноос бага насны хүүхдүүд түлэгдэхээс сэргийлж, анхаарал хамламж тавьж осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, урин дулаан өдрүүд ирж гол ус хайлж байгаатай холбогдуулан цагаан сарын үеэр нуур цөөрөм гатлахгүй байхыг зөвлөв.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв сар шинийн баярын өдрүүдэд хэвийн үйл ажиллагаа явуулахад онцгой анхаарч хүн хүчний нөөц, жижүүр эмчийн хуваарь гаргаж, яаралтай тусламжийн эм тариа, дуудлагын авто машины бэлэн байдлыг хангаж ажиллаж байгааг мэдээллээ.

Мөн ард иргэд согтууруулах ундаа, хоол хүнсний зохистой хэрэглээнд анхаарч,амьсгалын замын өвчлөл буураагүй байгаатай холбогдуулан хүүхдүүдэд удаан хадгалсан хоол өгөхгүй байх, олон хүнтэй газар нялх хүүхэд дагуулж явахгүй байх,толгой нүцгэн ,нимгэн хувцастай явахгүй байхыг зөвлөлөө.

Учир нь дээрх зөрчил дутагдлууд өмнөх жилүүдийн цагаан сарын үеэр амьдрал дээр давтагдаж байсан учраас мэргэжлийн байгууллгууд ард иргэдээ ая тухтай, амар тайван байдлаа хангаж, эрүүл энх,сар шинэ угтаж, хүн бүр дор бүрнээ анхаарал, сэрэмжтэй байхыг уриаллаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ