Д.Дүгэржав:Малчид бэлчээрийн даацыг зөв мэдэрч нүүдэллэх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-03 14:57:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын Байтаг баг Монгол  Улсын Аварга Малчин Д.Дүгэржавтай  мал маллах арга туршлагын талаар товч  яриа өрнүүлж, “ Улсын  аварга малчин” болсон  баярт  мөчөөс  хуваалцлаа.

- Юуны өмнө Монгол  улсын аварга малчин гэсэн  хүндтэй шагналын эзэн болсонд баяр хүргэе. Та бидэнтэй сэтгэгдэлээсээ  хуваалцахгүй юу?

-Миний  хувьд  1991 онд  10 дугаар анги  төгсөөд  малчин болсон.  Аав ээжийн малчин удмыг үргэлжлүүлж,  тэдний сургааль, хүмүүжилийн  үр  дүнгээр  20 гаруй жил мал маллаж байна. Төр, Засаг минь  үеийн  үед малчид  биднийг  дэмжин  туслаж,  хөдөлмөр  зүтгэлийг  минь  үнэлж  ирсэн түүхтэй.  Сар шинийн босгон дээр  “Монгол Улсын Аварга Малчин” гэсэн цол  тэмдэгээр  энгэрээ мялаалгасандаа  туулийн  баяртай байна.  

-Танайх  хичнээн  тоо толгой мал өсгөн  үржүүлж байна вэ?  Жилд  хэр их нүүдэл хийж байна?

-Энэ жил 1298 толгой мал тоолуулсан. Малыг  таван  төрлөөр нь өсгөдөг. Гэхдээ малын ихэнх  хувийг  хонь,  адуу,  үхэр голлодог.  900 гаруй хонь,  200 гаруй адуу,  40 гаруй үхэр, тэмээтэй.  Жилд  нэг  талдаа  300 километр  нүүдэл хийдэл  хийдэг.  Алс  холын бэлчээрт  нүүдэллэж  явахдаа өөрийн болон  ах  дүүгийнхээ  малыг  хамт  малладаг.

Манай өвөлжөө  бол  Ховд аймгийн Булган сумын Байтаг  багийн  нутаг.  Эндээс  40-50 км нүүдэллэж  Уушиг   хэмээх  газарт  хаваржидаг.  Цаашлаад  Булган голыг  давж  намарждаг.  Зүүн зүг  Алтайн нуруунд  хүрч  зусдаг.  Ер нь жилийн дөрвөн улиралд  нүүдэл хийдэг.

-Цасан  бүрхүүл  тогтсон энэ  өвлийн улиралд маллагаа, хариулга хэрхэн тохируулж байна вэ?

-Энэ жил Байтаг  багийн нутаг  дэвсгэрт   11 сараас  эхлэн их  хэмжээний цас орсон.  Одоо  02 сарын эхэнд  цас  бараг хэвэндээ байна.  Өөрийн  өвөлжөө  цас  ихтэй  учраас  энэ  байдлыг  харгалзан үзэж  малаа  хоёр  хэсэг болгож  малласан.  Царигтай сайн  малыг  Цагаан бургаст  хэмээх  газар луу авч  нүүдэллэсэн.  Хурга, ишиг, тарга  хүч  тааруу  малаа өвөлжөөндөө байлгаж  малласан.

-Малчин  хүний  хувьд  Бэлчээрийн  зохистой  хэрэглээг  хангахад  юунд  анхаардаг вэ? 

-Ашиглах  газрын хэмжээ, өвсний гарц,  цаг агаарын байр байдлыг  байнга ажиглаж малын  тоо толгой,  бэлчээрийн даацад  тохируулан  нүүдэллэх  хугацааг   шийдвэрлэдэг.   Манай Байтагийн ууланд   Хавар 03 сараас  намрын 10 сар хүртэл  малчин өрх  амьдардаггүй.  Нүүдэл хийгээд  өөр газар  нутгаар  малаа  идээшилүүлж  явдаг.  Ингээд  өвлийн хүйтэн цаг болж  өвөлжөөндөө  ирэхэд  энэ газарт өвс сайхан  ургасан байдаг.  Тэр өвсний  хэмжээгээр   мал өвлийг  өнөтэй  давдаг.

Бэлчээрийн  зохистой  хэрэглээ гэдэг  бол  малчин өрх  нэг  буриндаа  байнга амьдрах бус,  харин  бэлчээрийн даацад  малын  тоо толгойг  тааруулж ,  мал сүргээ олон  хэсэгт   хувааж  нүүдэл хийж байх юм.  Бас  бэлчээрийн  тохироог  бүрдүүлэхийг  зорьдог. Миний  хувьд  адуу, хонь  хоёрыг  өсгөх  сонирхолтой байдаг.   Учир нь    мянган  малын  200-300 толгой нь адуу байх,  бусад  нь  хонь байвал бэлчээрийн  тохироо  бүрддэг.  Мал  гэдэг  малчин  хүний сэтгэл,  хөдөлмөр  зүтгэл, маллах арга барилын  хүчээр  л  өсдөг.

-Та 20 гаруй жил  мал малласан  туршлагаасаа  хуваалцахгүй юу?

-Залуу малчдад зөвлөгөө болгон хэлэхэд мал маллах  гэдэг нь зүгээр л мал хариулахыг хэлдэггүй.  Малын бэлчээр  усыг  нь тохируулахаас эхлээд нарийн арга ухаан,  уйгагүй хөдөлмөр шаарддаг  ажил.  Залхуурах , амрах  эрх  байхгүй.  Малыг  дөрвөн улирлын байдалд тохируулж  маллах  учиртай.  Жишээлбэл,   Бог  малыг   өвлийн улиралд  нэлээн  нам  дор  дулаан  газар маллах ёстой.  Харин  бод мал бэлчээр  их  голдоггүй,  дасан  зохицох  чадвар  сайтай. Гашуулаг  түнгэтэй, бутархаг  өвстэй  говь  газрын бэлчээрт   тэмээ идээшилдэг.  Үхрийг  гол устай,  нам дор, өндөр  сахлаг  өвстэй  газарт  идээшлүүлэн  өсгөх нь  тохиромжтой санагддаг.  Би ийм  л зарчмаар малыг  өсгөн үржүүлдэг дээ...

Ер нь  Бэлчээрийг  сүйтгэж  буй  зүйл нь хүн өөрөө.  Малчид  нэг  бууриндаа  амьдраад  байвал бэлчээр  амархан  талхлагдана.  Ойр ойрхон  холын  нүүдэл  хийж  байх нь ашигтай.

-Малчин  хүний  хамгийн бахархалтай  тал нь юунд  оршдог   вэ?

-Малчид  малын  ус  бэлчээрийг  хадгалах,  хээрийн  амьтнаас  малаа  хамгаалах  гэх мэт  томоохон  үүрэг  гүйцэтгэж  жилийн дөрвөн улирал завгүй  хөдөлмөрлөдөг.  Тийм  боловч  Морио  унаад  хээр тал, уул  хадаар  дамжин малаа хариулж,  цэвэр  агаарт  сайхан  дуу  аялах  нь  залуу  хүний  хийморийг  сэргээсэн  үнэхээр  бахдам  сайхан  зүйл.

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ