Эх хэлээ умартсан эрлийз хэлтнүүд олширч буйг цэгцлэх цаг болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2017-03-29 11:12:26

“Чихнээ чимэг болсон аялгуут сайхан монгол хэл” маань эвдэрч, эрлийз хэлтнүүд олшрох болсон нь хэл шинжлэлийн эрдэмтэд төдийгүй монгол хэлтэй хүн бүхний сэтгэлийг зовоосон асуудал болоод байна.

Сүүлийн үед эх хэлний тухай ярьдаг ч санаа тавин хөөцөлдөж арга хэмжээ авч байгаа хүн хуруу дарам цөөхөн болжээ. Бодлого, зохион байгуулалттай хийж байгаа ажил ч хомс юм.

Иймээс монгол хэлний үнэлэмж чансаа өдрөөс өдөрт буурсаар Төрийн түшээд хүртэл буруу ярих тохиолдол элбэг болжээ. Хэлэнд зөв бичих ёсноос гадна зөв ярих, зөв дуудах ухаан гэж бий. Энэ тухай эрдэмтэн судлаачид эх хэлээ эвдэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, радио, телевиз, сонин, сайт, тайз дэлгэцийн уран бүтээлчид багагүй хувь нэмэр оруулж байна гэж ихээхэн шүүмжилж байна.

Сүүлийн үеийн охид, хөвгүүд монгол хэлнийхээ үгсийн яндашгүй арвин нөөцийг мэдэхгүй, цөөхөн хэдэн үгэнд эргэлдэж элдэв зохисгүй үг, хэллэг ч хэрэглэдэг болжээ. Хэвлэл мэдээллээр цацагдсан нэг буруу, бүдүүлэг үг хэллэг хичнээн олон хүнд хүрч сүүлдээ бүр байнгын хэрэглээ мэт болж том, жижиггүй ам дамжин ярьдаг болсныг судлаачид бүтээлдээ бичсэн.

Тухайлбал, Доктор Ц.Эрдэнэбат "Аливаа зүйлийг бичиж, туурвиж хүнд хүргэнэ гэдэг утгын маш нарийн урлал юм. Хэрвээ утгыг буруу бичиж туурвих аваас түүн шиг нүгэлтэй юм үгүй хэмээн үздэг билээ. Буруу утгыг бусдад хүргэснээр буруу ойлгоно, буруугаар ойлгосноор буруу номлол түгнэ, буруу утга номын цагаан цаасан дээр бичигдэж нэгэн цагийн туршид худал утга үлдэнэ. Худал буруугаас болж маргаан тэмцэл өрнөнө. Гэх мэт буруугаар үйл үйлдэхийн балаг хорыг өгүүлэхэд барагдашгүй их нүгэл хилэнц төрүүлж байгааг хэвлэл мэдээлэл, сонины сэтгүүлч сурвалжлагч  бичигчдэд  болон уншигчдад утгын гэмийг ойлгуулах нь чухал болжээ” хэмээн “Утгыг урлахуйн учир хийгээд сонины хэл найруулга” бүтээлдээ бичжээ.

Мөн тэрбээр,  Сэтгэлгээг  нь засахгүйгээр түүгээр илрэх үг, утгын найруулгыг засч болохгүй билээ. Сэтгэлгээг нь засахын тулд хэлний мэдлэг, боловсрол эзэмших эх хэлний суурилж хөгжиж байдаг үндэсний утга соёл, олон түмний аж төрөхүйн ёсыг өрнүүлэх, ертөнцийг үзэхүйн гүн ухаан, итгэл бишрэл, шашин суртлаа хөгжүүлэхгүйгээр бүтэхгүй билээ” гэжээ.

Мөн профессор Ж.Санжаа, “Монголд улсын бүртгэлттэй 48000 гаруй аж ахуйн нэгжийн оноосон нэрийн бараг тал хувь нь харь нэртэй эсвэл гадаад үгийн хачиртай, эсвэл “эрлийз" нэртэй болов. Кайф авах, шоудах, улаан фэн гэх мэтээр харь үгээр их хэл маань бөөстөв. Аавтайгаа адилхан хүү юм гэхийн оронд аавыгаа канондчихсан юм байна гэх болов. Зарим  өдөр тутмын сонинд нэг нүүрэндээ 70 гаруй гадаад үг хэрэглэдэг боллоо. Дуудах, бичих хоёроо ч ялгахгүй уймарч "яах  вэ"-г яахав гэж бичихээр барахгүй, “яахав” гэсэн шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Усан дотор загас жараахай  тоос татуулан давхилдана гэж найруулах юм. “Яаралтай зөөгч ажилд авна” гэж утгын алдаатай зар явж байх жишээтэй. “Бүх төрлийн жирэмслэлтийн хувцасны дэлгүүр” гэх хаяг ч үзэгдэх юм. Ийнхүү хариар сэтгэж, тэр байтугай “нүдүүдийн нулимсууд хацруудаа дагаад урсана” гэх маягаар бичиж ярих божээ. Эх хэлийг алдагдуулж буй нь хойч үед буруу үлгэр дууриал үзүүлж байна" хэмээн “Эх хэлний бодлого ба засаглалын тулгамдсан асуудал” бүтээлдээ бичжээ.

Дэлхий дахинд XXI зууны эхэнд 14500 хэл байсан бол зуунаас зуунд улам бүр цөөрсөөр XX зууны эхэнд 6703 хэл, XXI зууны босгонд 2997 хэл болж, 50 гаруйхан жилийн дотор 3000-аад хэл устаж үгүй болсныг эрдэмтэд тогтоосон байна. Монголчуудын эх хэлийг тэжээгч ундрага нь болсон аман аялгуунуудын зарим нь, тухайлбал, алс баруун хязгаарын Ховдын Эрдэнэбүрэн сумын өөлд, Увс аймгийн баяд, зүүн хязгаарын барга буриад, Сүхбаатар аймгийн үзэмчдийн аман аялгуугаа уламжлан тээгч нь цөөрөн цөөрсөөр аажмаар мөхөж, зөвхөн судалгаа, бигийн аман зохиол төдийхөнд үлдэх аюул нэгэнт нүүрлээд байгааг ч эрдэмтэд санал нэгтэй байна. Аливаа улс тэр тусмаа хүн ам цөөн орны хувьд, үндэсний хэл, бичиг хоёр нь тухайн үндэстэн оршихын хамгийн чухал дархлаа болдог гэж судлаачид тэмдэглэсэн удаатай.

Эх хэл, гадаад хэлийг хэм тэгш суралцаж, зөв аядуу, соёлтой харилцдаг болохыг хичээж, төр засаг хэлний бодлогоо оновчтой тодорхойлж, хэлний засаглалыг шат шатандаа хичээн хэрэгжүүлэх цаг нэгэнт болжээ.

Р.Хишигжаргал

Холбоотой мэдээ