С.Батболд: Нийслэлийн 70 байршилд авто зогсоол байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-05 16:28:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлын нэгээр автозогсоол зүй ёсоор нэрлэгддэг. Нийслэлийн удирдлагуудын зүгээс уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор 70 байршилд авто зогсоол байгуулахаар ажиллаж байгаа юм. Өнөөдөр НЗД С.Батболд болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан авто зогсоол байгуулах хэд хэдэн төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хотын дарга эхний ээлжинд Баянгол дүүргийн тавдугаар хороо буюу Гуравдугаар эмнэлгийн автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 810 метр зам дагуух авто зогсоолыг шинэчлэх төлөвлөгөөтэй танилцлаа.

Тус хэсэгт одоогоор сул шороо бүхий газар байгаа бөгөөд үүнийг ногоон байгууламж, ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий 180 автомашины зогсоол болгохоор төлөвлөж байгаа аж. Уг ажилд нийт 813 сая төгрөг шаардлагатай гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Баянгол дүүргийн удирдлагуудын зүгээс тус хэсгийг ногоон байгууламжгүйгээр барих буюу 100 хувь зогсоол хэлбэрээр ашиглах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.3 м.кв байгаа юм. Үүнийг 5.3 м.кв болгох зорилт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан. Тиймээс ногоон байгууламжийн хэмжээг багасгах ёсгүй гэдгийг Т.Гантөмөр дарга тайлбарлав.

Тэрбээр, “Авто зогсоолыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ сарын 10-наас зургадугаар сарын 10-ны хооронд барина. Зогсоолд автомашин тавихад эхний нэг цаг үнэгүй байх бөгөөд хоёр дахь цагаас эхлэн 500 төгрөгийн төлбөр төлдөг байх юм. Төлбөрийн 40 хувийг гүйцэтгэсэн компанид, үлдсэн хэсгийг нь нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг. Одоо энэ журамд өөрчлөлт оруулаад дүүрэгт тодорхой хувийг нь өгдөг болохоор ажиллаж байгаа. Зогсоолд гэмтэл гарсан тохиолдолд гүйцэтгэсэн компани төлбөрөөс олсон орлогоосоо засварлах ёстой” гэлээ.

Зогсоолын бүтээн байгуулалттай зэрэгцээд зам дагуух аж ахуйн нэгжүүдийн хаягжилт, барилгын өнгө зэргийг нэгэн жигд болгож, жишиг гудамж болгон тохижуулах аж. Уг асуудлыг тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж тохиролцсон байна. Тохиролцооны дагуу үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байв.

Мөн үеэр П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, ГССҮТ-ын авто зогсоолыг шинэчлэх төсөлтэй танилцлаа. П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн урдах 304 метр урттай, 6200 м.кв талбайг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар өнгөрсөн онд гэрэлтүүлэг, явган хүний зам, ус зайлуулах шугам бүхий 149 автомашин зогсоол болгон тохижуулсан. Дээр дурьдсанчлан зогсоолд автомашин байрлуулахадд нэг цагийн 500 төгрөгийн төлбөр авч байгаа аж. Харин газрын тус эмнэлгийн өмчийн ихэнх газрыг аж ахуйн нэгжүүдэд өгсны улмаас орох хаалга шахагдаж, дамнуургатай өвчтөн оруулахад ч хүндрэлтэй болоод байгааг эмнэлгийн удирдлагууд учирлаж байлаа. Өмчлөлийн газраа буцааж авахаар Улсын дээд шүүхэд хандсан ч нөгөө талд шийдвэр гаргасан хэмээн тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир хэллээ.

Эмнэлгийн үүдний хэсгийн 818 м.кв талбайг энэ сарын 10-наас ирэх сарын 10-ны хооронд тохижуулахаар төлөвлөж байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер хэлсэн. Тэрбээр, “Гуравдугаар эмнэлгийн үүдний хэсгийг ногоон байгууламж, сүүдрэвч, сандал, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл болон Гуравдугаар эмнэлгийн хамтын хөрөнгө оруулалтаар тохижуулахаар судалж байгаа” гэв.

ГССҮТ-ын өмнөх 3.07 га талбайн авто зогсоолыг тохижуулах төслийг ирэх сарын 01-нээс зургадугаар сарын 15-ны хугацаанд хэрэгжүүлэх аж. Энэ үеэр Хотын дарга “Томоохон төвлөрсөн эмнэлгүүдийн гаднах зогсоол эзэнгүй, иргэд машинаа байрлуулах боломжгүй байна. Тиймээс бид улсын болон дүүргүүдийн эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдвэрлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, ГССҮТ-д цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүс ирдэг. Гэтэл энд автомашин зогсоол хүрэлцэхгүйн улмаас цаг алдах тохиолдол гардаг. Зогсоол нь 40-50 автомашин ороод л дүүрчихдэг. Түүнийг 180 автомашины зогсоолтой, 3 г гарцтай болгох шаардлага байгаа” гэлээ.

ГССҮТ мөн л эзэмшлийн газрынхаа ихэнх хэсгийг булаалгасан гэдгээ учирлав. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагуудаас эмнэлгийн газрыг өмчлөлөөс нь хасч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олгох асуудал байдаг аж. Өнгөрсөн онд л гэхэд эмнэлгийн зүүн урд талын газрыг хувийн хэвшилд олгосон асуудал гарсан гэдгийг тус төвийн  захирал Т.Мөнхсайхан дурьдав. Хотын даргын зүгээс тухайн газрыг ямар байгууллагад, хэзээ олгосныг шалгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Баянгол дүүргийн хэмжээнд автозогсоол хамгийн тулгамдсан асуудал гэдгийг дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэллээ. Тэрбээр, “Барилгын болон автозамын норм олон жилийн өмнө батлагдсан. Тухайн үед автомашин цөөн байсан. Харин одоо шаардлага хангахгүй болсон тул өөрчлөх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бол ногоон байгууламж, авто зогсоол байгуулахын оронд олон орон сууц барьж мөнгө олохын төлөө л ажиллаж ирсэн. Тиймээс авто зогсоол болон ногоон байгууламж байгуулаагүй орон сууцыг хүлээж авахгүй. Нөгөөтэйгүүр ил болон далд авто зогсоолууд байгуулахаар тендер зарлаад байна” хэмээв.

Дараа нь СХД-ийн 12 дугаар хороо буюу Саппорогийн арын зам дагуух орон сууцны нэгдүгээр байрны зүүн талын автомашины гражнуудын нөхцөл байдалтай танилцлаа. 900 метр квадрат хэмжээтэй уг газарт 62 ширхэг тоосгон граж байгаа юм. Үүний оронд 4 давхар, 400 автомашины дулаан зогсоол байгуулахаар төлөвлөж байгааг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Уртнасан онцлов. Тэрбээр, “Зогсоолын зураг төсөл бэлэн болсон. Удахгүй санхжүүжилтийн хэмжээг тогтоож, гүйцэтгэгчээ шалгаруулна. Гүйцэтгэгч компани одоо байгаа гражнуудын эзэмшигчидтэй худалдаж авах уу, эсхүл шинэ зогсоолоор солих уу гэдгээ тохиролцох юм. Ирэх сарын эхээр бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Хотын даргын сүүлийн зогсоол Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байв. 300 гаруй мянган хүн амд үйлчилдэг энэхүү эмнэлэг зогсоолын хүртээмж тун муу байгаа аж. Тиймээс эмнэлгийн ойр орчмын автозогсоол бүхий хэсгийг тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэлэхдээ “СХД-ийн нэгдсэн эмнэлгийн ард талд 65 автомашины зогсоол байгуулахаар зураг төсөл бэлэн болсон. Мөн эмнэлгийн зүүн талын зам нэг урсгалтайгаас түргэний тэрэг ухарч гарах, түгжрэх зэрэг хүндрэл учирдаг. Тиймээс энэхүү замыг хоёр урсгалтай болгох юм. Ирэх  сард ажил эхэлүүлж, зургадугаар сарын 10 гэхэд дуусгана” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ