​Олон улсын Сэтгүүлчдийн холбоо Монголын асуудлаар мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-07 16:09:26

Дэлхийн 140 орон гишүүнээр нь элссэн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ) Монголын тухай албан ёсны мэдэгдлийг  дэлхий даяар түгээжээ.

 ОУСХ нь өөрийн гишүүн орнуудад хийж байгаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзэл санаатай холбоотой сайн, саар жишээнүүдийг мэдээлэн түгээдэг уламжлалтай бөгөөд энэ удаад Олон улсын “Хууль ба Ардчилал” төвийн дүгнэлтийг үндэслэн Монголтой холбоотой мэдэгдэл түгээсэн байна.

Уг мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газраас Парламентдаа өргөн барьж буй Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо нь өөрийн гишүүн байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран хүлээн авч байна. Олон улсын сэтгүүлчдийн холбооны зүгээс Монгол Улсын Засгийн газрыг энэхүү хууль болон хуулийн хэрэгжилтийн талаар сонирхогч талуудыг оролцуулан нухацтай хэлэлцүүлэхийг уриалж байна.

Сүүлийн хэдэн жилийн турш маргаан дагуулж, олон янзын хувилбар дэвшүүлж байсан “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн төсөл Монголын парламентаар гуравдугаар сарын эхээр хэлэлцэгдэх гэж байна. Сүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо мэдэгдэхүйц өсч гурван сая хүн амтай улсад 400 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулах болсон. Хууль нь хэвлэл мэдээллийг  зохицуулахад хэрэгтэй ч, агуулга нь хэвлэл мэдээллийн нөлөөлөл болон хүч боломжийг хязгаарлахад энэ хуулийн төсөл чиглэсэн байна. Бид Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй нэгдмэл байр суурьтай байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс аливаа хуулийн төсөл гаргахаасаа өмнө бүх талыг хамруулсан зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийх ёстой. Хэвлэл мэдээллийн салбарт мэргэжил мэдлэгээрээ арвин баялаг, сэтгүүлч мэргэжлийн талаар чухал зөвлөмж, зөвлөгөө өгөх хувьцаа эзэмшигчид болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг төсөл боловсруулах үйл явцад Засгийн газрын зүгээс итгэл хүлээлгэн оролцуулах хэрэгтэй” гэжээ.

Хууль ба Ардчилал Төвөөс энэ хуулийн төсөлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд Хууль ба Ардчилал Төвийн Гүйцэтгэх Захирал Тоби Мендэл хэлэхдээ, “ Өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь хэрэгцээ шаардлагад чиглэсэнгүйд миний урам хугарлаа. Энэ хууль нь бие даасан үйл ажиллагааны зохицуулалтыг бүрэн хаасан бөгөөд нийгэмд зориулсан өргөн нэвтрүүлгийн талаар нэг ч дурьдаагүй байна” хэмээн онцлов.

Монголд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд улс төр хөндлөнгөөс оролцох нь сүүлийн жилүүдэд ихсэж байгаа нь баримтаар нотлогдоод байна.  Хэвлэлийнхэн тодорхой сэдвээр гүнзгийрсэн  нэвтрүүлэг хийвэл улс төрчдийн зүгээс тусгай  зөвшөөрлийг нь хураах, үйл ажиллагааг нь хаахаар заналхийлж байна. Гэтэл хуулийн төсөлд энэ талаар тусгаагүй бөгөөд  улс төрийн тоглогчдоос лиценз, зөвшөөрөл хамаарах ёсгүй гэдгийг Хууль ба Ардчилал Төвөөс онцгойлон тэмдэглэжээ.

Харин Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл энэ асуудлаар бас албан ёсны байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд МСНЭ-ийн  Ерөнхийлөгч Б. Галаарид ярихдаа, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо болон Хууль ба Ардчилал Төвөөс Монголын “Өргөн нэвтрүүлгийн хууль”-ийн төслийн талаар гаргасан дүгнэлттэй санал нэгдэж байна. Монголын төр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа хууль тогтоомж гаргахдаа Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн шүхэр байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн бусад ТББ-уудаас зөвлөмж, санал авч, төсөл боловсруулах ажлын хэсэгт төлөөлөл оролцуулдаг байсан уламжлалаасаа сүүлийн үед татгалзаж эхлээд байгаад харамсаж байна” хэмээн тодотголоо. 

 

Холбоотой мэдээ