Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 9 байраар ухарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-04-27 12:01:18
ПАРИС. /Reporters Without Borders/. Хөгжингүй улсуудад ч хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгааг Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас жил тутам гаргадаг тайлан харууллаа.

Францын нийслэл Парис хотод төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ 180 улс орныг хамруулсан “Хэвлэлийн эрх чөлөөний индекс-2017” тайлангаа лхагва гарагт танилцуулсан байна.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 69 дүгээр байрт бичигджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 9 байраар ухарсан үзүүлэлт юм.

ОХУ болон БНХАУ өнгөрсөн оны адил жагсаалтын 148 болон 176 дугаарт оржээ.

АНУ өнгөрсөн оныхоос хоёр байраар ухран 43 дугаарт жагссан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “ард түмний дайсан” гэж цоллож, сэтгүүлчдийг Цагаан ордонд орохыг хязгаарлаж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ шүүмжилсэн байна.

Их Британи мөн хоёр байраар ухран 40 дүгээрт бичигдлээ. “Аюулгүй байдлын шалтгаанаар” гэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтыг чангатгаж байна гэж Их Британи улсыг тус байгууллага шүүмжлэв.

Скандинавын орнууд хэвлэлийн эрх чөлөөгөөр жагсаалтыг тэргүүлсэн байна. Тодруулбал, Норвеги жагсаалтын нэгдүгээрт, Швед болон Финланд хоёр ба гуравдугаар байрт оржээ.

Харин Умард Солонгос хэвлэлийн эрх чөлөөгөөр сүүл мушгисан байна.
Г.Доржханд



Холбоотой мэдээ