Швейцарийн прокурорууд Ф.Беккенбауэрыг байцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АНКАРА. /Anadolu/. Швейцарь улсын Ерөнхий прокурорын газар Германы нэрт бөмбөгчин Франц Беккенбауэраас байцаалт авчээ. 2006 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Герман улсад олгосон явдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг байцаасан байна.
Германы шигшээ багийн тамирчин байсан Беккенбауэрыг мөнгө угаасан, луйвар хийсэн болон хууль бусаар хөлжсөн гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. Харин Беккенбауэр энэ бүх үндэслэлийг эрс няцааж байна.
Швейцарийн Ерөнхий прокурорын газар 6 сарын өмнөөс Беккенбауэрыг шалгаж эхэлсэн ажээ.
Эрх олгох сонгон шалгаруулалтад бэлтгэх зорилгоор байгуулсан Германы талын комисс ФИФА-гийн түшмэдийг хахуульдахын тулд тусгай нууц сан байгуулсан байна. Тухайн үед "Adidas" компанийн захирлаар ажиллаж байсан Роберт Луис-Дрейфус уг санд 10,3 сая швейцарь франк шилжүүлсэн гэж үздэг бөгөөд тэрбээр мөнгийг ФИФА-гийнханд өгөхөд зуучилж байжээ.
Мөрдөгчдийн хувьд, ФИФА-гийн түшмэд нийтдээ 6,7 сая еврогийн хахууль авсан үзэж байгаа аж. Уг мөнгийг ФИФА-гийн Гүйцэтгэх зөвлөлд Ази тивийг төлөөлөн сонгогдсон дөрвөн хүнд хувааж өгсөн бөгөөд тэднийг хахуульдаж байгааг Франц Беккенбауэр, Германы хөлбөмбөгийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй Вольфганг Нирсбах нар мэдэж байсан бололтой.
Герман улс ДАШТ-2006-г зохион байгуулах эрхийг 2000 оны 7 дугаар сарын 6-нд авсан юм.
Х.Сарнай