Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон бол төрд ажиллах эрхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар: -Төрийн албаны удирдах албан тушаалд очиж байгаа хүмүүст зориулсан ажлын байрны шаардлагад стандарт гэж алга болсон. Төрийн албаны зөвлөл авдаг байсан шалгалтыг ЗГХЭГ авдаг болж байгаа юм байна. Үүний үндэслэл юу вэ?
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -Авлига хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлсэн, ялын хугацаа дууссан ч төрд ажиллахгүй. Төрийн бүхий л албан тушаалд ийм шаардлага тавина. Ингэснээр төрийн алба мэргэшинэ. Төрийн албаны нөөцийн шалгалтыг жилд нэг удаа Төрийн албаны зөвлөл авах бөгөөд нийтлэг шаардлага тавина. Мөн тусгай шаардлага гэж байх болно.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга болж, эндээс зөвлөмжийн дүн гарна. Үүгээр Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж гарч магад. Иймд хуулийн төслийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах тал дээр бодолцсон уу?
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -Хуулиудын уялдаа холбоо хангагдсан гэж үзэж байгаа. Хуулийн төслийн үндсэн үзэл санаа Үндсэн хуулийн өөрчлөлтөд туссан санаатай адил байгаа.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: -Төрийн албан хаагчид шатлан дэвших зарчмаар албан тушаалд очдог байхаар хуулийн төслийг боловсруулсан нь маш сайн байна. Гэхдээ сонгуулийн дараа төрд хөдөлгөөн ордог. Сүүлийн жилүүдэд хэдэн төрийн албан хаагчийг халав, бас хэд нь эргэж ажилдаа томилогдов?
Төрийн албаны зөвлөлийн дарга доктор, профессор Б.Цогоо: -Төрийн албаны зөвлөлөөс энэхүү статистикийг гаргадаг. Ер нь УИХ-ын сонгуулийн дараа төрийн албанд хөдөлгөөн эрс ихэсдэг. Төрийн албаны зөвлөл өөрийн мэдлийн хүрээнд асуудлыг шийддэг. Үлдсэн маргаан шүүх дээр очиж байгаа хэмээн хариуллаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул