Гадаадын иргэдийг гамшгаас хамгаалах орон тооны бус бүлэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-25 11:11:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Онцгой байдлын газар болон Гадаадын иргэн, харьяатын газар хамтран гадаадын иргэдийг гамшгаас хамгаалах зорилгоор орон тооны бус штаб, бүлэг байгуулсан байна. 
Тус бүлгээр дамжуулан  гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулахаар болжээ. Энэ удаад Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу “Галын аюулгүй байдлын сургалт”-ыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Аврах, гал унтраах 30 дугаар ангитай хамтран зохион байгууллаа.
Сургалтыг ахлах дэслэгч С.Мөнхсайхан удирдан явуулсан бөгөөд зориулалтын аврах шат ашиглан гал гарсан үе дэх аврах ажиллагааг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг танилцуулан, гал гарсан үед яарч сандралгүй дуудлага өгөх, анхан шатны арга хэмжээг авах зэрэг мэдвэл зохих зүйлсийг практик сургалтаар дамжуулан албан хаагчдад танилцуулав.
Ийнхүү практик сургалтыг зохион байгуулснаар гамшиг, аюул ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч, бодитоор туршин, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой хэмээн НОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ