Хөвсгөл аймагт эрэгтэйчүүдийн тал хувь нь тамхи татдаг судалгаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-31 16:42:36
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдөр “Дэлхийн тамхины эсрэг өдөр-ийг улс орнууд тодорхой уриан дор тэмдэглэдэг бол манай улсын хэмжээнд "Тамхины эсрэг үгүй гэж хэлье" уриан дор тэмдэглэж байна. Улсын хэмжээнд нийт иргэдийн 27 хувь нь тамхи татдаг бол эрэгтэйчүүдийн 49 хувь эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг гэнэ. Харин  Хөвсгөл  аймгийн хэмжээнд эрэгтэйчүүдийн 53,8 хувь, эмэгтэйчүүдийн 4 хувь нь тамхи хэрэглэдэг судалгаа гарчээ.
Дэлхийн тамхины эсрэг өдрийн хүрээнд тамхины хор хөнөөлийг өсвөр үеийнхний нас сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар ойлгуулах сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа. Мөн  тамхи татдаг эцэг эхчүүдэд хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх, тамхи татсанаар эрүүл мэндэд сөрөг нөлөө учраад зогсохгүй хавдарын эх үүсвэр болдог учраас тамхи хэрэглэдэг бол өнөөдрөөс эхлэн татгалзах хэрэгтэйг аймгийн Эрүүл мэндийн газраас иргэддээ уриалж байлаа.
Тус аймгийн хэмжээнд нийт эрэгтэйчүүдийн 53,8 хувь буюу тал хувь нь тамхи татаж байгаа судалгаа гарсан учраас тамхины хор уршиг, эрсдлийн тухай иргэдэд ойлгуулах сургалт сурталчилгаа хийсээр байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ