"Рио Тинто" дараачийн "Оюутолгой"-н эрэлд гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-06-21 12:42:47
ЛОНДОН. /Reuters/. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Англи-Австралийн “Рио Тинто” групп  таван жил завсарласны эцэст Монголын говьд хайгуул хийж эхэллээ. Хайгуул хийж эхэлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдыг буцааж татах тал дээр Монгол Улс чамгүй амжилт олж байгаагийн илрэл гэж шинжээчид үзэж байна.

Гадаадын хөрөнгө оруулалт эрс татарч, дэлхийн зэх зээлд ашигт малтмалын үнэ  унаж, нүүрсний эрэлт багассаны улмаас мөнгөний гачаалд орсон Монгол Улс энэ онд Олон Улсын валютын сангаас /ОУВС/ санхүүгийн тусламж хүссэн билээ.

Ингээд өрийн дарамтыг багасгаж, төгрөгийн ханшийг тогтвортой болгож, эдийн засгийг нь төрөлжүүлэхэд туслахын тулд 5.5 тэрбум долларын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –ийг Монголд хэрэгжүүлэх шийдвэрийг ОУВС өнгөрсөн сард гаргасан билээ.

“Рио Тинто” группын охин компани болох “Туркойз Хилл Ресурс” компани Монголын Өмнөговь аймгийн нутагт орших зэс-алтны “Оюутолгой” ордын хувьцааны 66 хувийг эзэмшдэг бол үлдсэн 34 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг юм. “Туркойз Хилл Ресурс” нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани билээ.

“Бид “Оюутолгой”-н лицензүүдээс өөр лицензээр хайгуулын өрөмдлөг хийж эхэлсэн” гэж “Туркойз Хилл Ресурс”-ын хэвлэлийн төлөөлөгч Тони Шаффер мягмар гарагт мэдэгдсэн байна.
 
Австралийн зэс-алтны хайгуулын “Занаду Майнс” компанийн захирал Эндрю Стюарт хэлэхдээ “Монгол Улс хөрөнгө оруулагчдын радарт буцаад орж ирж байна” гэж хэлэв.

Зэсийн баяжмалын үнэ сэргэж, борлуулалт нэмэгдсэнээр “Оюутолгой”-н орлого энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оныхоос 5.7 хувиар өссөн байна. /2017.06.20/

/https://www.reuters.com/article/mongolia-riotinto-idUSL3N1JH3LP/
Г.Доржханд


 
Холбоотой мэдээ