Уралдааны замын дундаас оруулсан морьдыг хаслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр ардын хувьсгалын 96 жилийн ойн Булган аймгийн баяр наадмын их насны морьдын уралдаанд 100 гаруй хурдан хүлэг уралдлаа.
Их насны морьдоос Булган аймгийн Хангал сумын алдарт уяач Р.Эрдэнэбулганы хээр түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Батцэнгэлийн хул аман хүзүүнд давхиж, Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач М.Нуваантаягийн бор, Орхон сумын уяач М.Нарангэрэлийн бор, Булган сумын уяач Г.Ганжаргалын бор айрагдлаа.
Энэ жилийн их насны морьдын түрүү магнай Р.Эрдэнэбулганы хээр Булган аймгийн баяр наадамд 2013 онд түрүүлж, хоёр жилийн дараа айргийн гуравт хурдалсан хурдан хүлэг юм.
Аймгийн баяр наадмын хурдан морины салбар хороо их насны морьдын уралдааны замын дундаас морь оруулж будлиулсан 9 уяачийн морийг барилгүй хаслаа. Эдгээр хурдан хүлгээс айрагдсан морь ч байсан юм.
М.Батжаргал