Шинээр зургаан бөх аймгийн цол хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-16 13:17:32
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн засаг даргын захирамжаар аймгийн цол олгох үндэсний бөхийн барилдааныг энэ сарын 10,11-ний өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулсан билээ. Тус барилдаанд нийт 256 хүчит бөх зодоглосноос шинээр зургаан бөх аймгийн цол хүртсэн бол, аймгийн заан Б. Зоригтбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ.  
Сүхбаатарчууд үнэдсний их баяр наадмаа Зүүн бүсийн хурдтай хамтатган энэ сарын 28,29-нд тэмдэглэнэ. Үүнтэй холбоотойгоор аймгийн цол олгох үндэсний бөхийн баридааныг урьтаж зохион байгуулсан юм. Сүхбаатар суманд болсон тус барилдаанд аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн арслан Б.Баярхүү, М.Баасанбат нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос аймгийн шинэ цолтон зургаа төрөн гарсан байна. Тодруулбал: Аймгийн начин гурав, харцага нэг, заан нэг, арслан цолтон нэг тус тус нэмэгдсэн байна.
Харин Сүхбаатар сумын харъяат аймгийн заан Б. Зоригтбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол, Эрдэнэцагаан сумын харъяат А.Батсуурь үзүүрлэж аймгийн заан цолны болгол хангажээ.
Б.Зоригтбаатарын хувьд өмнө нь тойргийн аймгийн арслан цолтой байсан ч Монголын үндэсний бөхийн холбооны шийдвэрээр тойргийн цолыг хүчингүй болгосон юм. Тэрээр төрөлх нутаг Сүхбаатар сумандаа дөрвөн жилийн дараа аймгийн арслан хэмээх хүндэт цолыг авчирч байгаа бөгөөд түүний өмнө 2013 онд Г. Сэнгэдорж түрүүлж байсан билээ.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ