Цэцэрлэгүүд санамсаргүй сонголтын аргаар бүртгэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-08-08 15:15:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилээс цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулж байна.

Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 17 мянга 649 хүүхэд буюу 45 хувь нь бүртгүүлжээ. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-наас цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш, ажилтнууд бүртгэж өгч, туслах юм.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүдэд энэ сарын 25-ныг хүртэл санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулах аж. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм байна. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой.

Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамарсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэх бүртгэлийг энэ сарын 21-24-нийг хүртэл уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулна.

Түүнчлэн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг энэ сарын 21-24-нд мөн уламжлалт аргаар цэцэрлэг дээр нь бүртгэх аж.

Ж.Болор
Холбоотой мэдээ