“Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-04 16:31:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Эм Кэй Ай Ти сургалтын төвтэй хамтран энэ сарын 7-8-нд “Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг нийслэлийн Иргэний танхим болон “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д зохион байгуулах болжээ.

Дээрх хоёр байгууллага залуучуудыг мэдээллийн технологийн нарийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлэх, БНСУ-ын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдэд ажилд зуучлах, дадлагажигчаар ажиллуулах чиглэлд хамтран ажилладаг байна. Энэ хүрээнд нээлттэй ажлын баөйрны өдөрлөг зохион байгуулах болжээ. Өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагууд болох “Хү Из Холдинг” групп, “Нексжио” ХК, “Ипал” зэрэг компаниуд, КОИКА-ийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар оролцож ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах юм. Тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагжуулах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцана хэмээн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэллээ.

Эм Кэй Ай Ти Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү “Монгол залуус гадаадад ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх тул олон залуучууд хамрагдаасай гэж хүсч байна” гэлээ.

Эм Кэй Ай Ти сургалтын төв энэ онд 20, 2018 онд 100-150 залууг БНСУ-д дадлагажуулах зорилготой ажиллаж байгаа аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ