МСҮТ-ийн байранд Японы тусламжаар сантехникийн засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-26 16:34:14
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока өнөөдөр Дархан хотод айлчилж байна. Айлчлалын эхэнд аймгийн Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Учир нь Дархан-Уул аймгийн боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг Япон улсаас хийж байгаа. Үүний хүрээнд ирэх 7 хоногт эхлэх сантехникийн засварын ажил эхлэх сургуулийн үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцсан. Гэрээнд зааснаар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний Үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд 185 сая төгрөгийн өртөгтэйгээр МСҮТ-ийн сантехникийн засварыг шинэчлэн, 45 хоногийн хугацаанд хүлээлгэж өгөх ажээ.

34 жилийн турш бүрэн засвар хийгдээгүй, урсгал засварыг  хэсэгчилж хийж байсан тус барилгын хичээлийн байрны 80  гаруй хувь нь сантехникийн бүрэн шинэчлэл, засварт орох аж. Сургуулийн үйл ажиллагаа, хийгдэх ажлын байдалтай танилцсаны дараагаар  Нутгийн Удирдлагын ордонд “МСҮТ-ийн Засварын төсөл”-ийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Энэхүү ажлын гүйцэтгэгч байгууллагаар “Дархан Хясаат” ХХК ажиллах ажээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт өнгөрсөн хугацаанд 20 гаруй төслийг хэрэгжүүлснээс Дархан сумын 5 дугаар цэцэрлэг, Жигүүр цогцолбор сургуулийн их засварын ажил зэрэг боловсролын салбарт ихэнх төслийг хэрэгжүүлсэн гэдгийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока онцлов.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ