“Аш-Шабаб”-ын толгойлогчдын талаарх мэдээлэлд 28 сая долларын шан амлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-11 13:36:57

ВАШИНГТОН. /TASS/. Африкийн эвэр буюу Сомалийн хойгт үйл ажиллагаа явуулдаг террорист “Аш-Шабаб” бүлэглэлийн зургаан толгойлогчийг олоход болон устгахад туслах мэдээлэлд АНУ-ын эрх баригчид 28 сая долларын шан амлажээ. Энэ тухай тус улсын Төрийн департаментын хэвлэлийн алба мэдэгдээд тус бүлэглэлийн босогчдын гарт сүүлийн 10 жилд “Сомали, Уганда, Кени улсын хэдэн мянган хүн амиа алдсан” болохыг дурдсан байна.

"Аш-Шабаб" бүлэглэлийн толгойлогч болох Ахмед Дирейе нэрээрээ алдартай Абу-Убейдегийн талаарх мэдээлэлд “6 сая долларын шагнал өгнө” гэж АНУ-ын гадаад бодлогын байгууллага мэдээлсэн байна. Түүний ойрын хамсаатан болох таван толгойлогчийн талаарх мэдээлэлд 3 сая болон 5 сая доллар өгөх аж.

Америкийн Төрийн департамент “Аш-Шабаб”-ын үйлдсэн хэд хэдэн халдлагын талаар дурдахдаа 2012 оны хоёрдугаар сард тус бүлэглэл “Аль-Каида” байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсоныг онцлон дурдсан байна. АНУ-ын эрх баригчид Африкийн зарим орны Засгийн газарт терроризмтой тэмцэхэд туслалцаа үзүүлэн тус бүлэглэлтэй тэмцэж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ