ЭМС-ын сайдыг АН-аас томилох саналтай байгаагаа илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-11 15:18:35

АН-ын ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандаж, МАХН-д Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг хуваарилах шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн албан тоот хүргүүлжээ.

Тэрбээр, “АН энэ салбарыг хоёр удаа МАХН-ын мэдэлд өгсөн. Хэрхэн ажилласныг монголын ард түмэн мэдэж байгаа. Өнөөдрийн хүртэл ЭМСЯ-ны дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж, иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэх итгэл буурч байна.

Тийм учраас АН эрх баригч намын хувьд бүсийн чуулганд оролцогчдын санал, салбарын хамт олны хүлээлтийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайдыг АН-аас томилж, хариуцлагаа хүлээх цаг боллоо. Сайд нь асуудалд холбогдож чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан энэ цаг мөчид ая тал засч энэ салбарыг гурав дахь удаагаа МАХН-д хариуцуулах нь АН-ын хувьд дэндүү ёс зүйгүй, энэ салбарын хамт олныг үл хүндэтгэсэн хэрэг болно” хэмээжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ