Ө.Энхтүвшин: Төрийн албыг хуулийн хүрээнд явуулах болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-18 12:20:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өлзийсайханы Энхтүвшинг Монгол Улсын Шадар сайдад томилох эсэх тухай асуудлыг хэлэлцээд 84.1 хувиар баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчид хандаж ажлаа юунаас эхлэх, төрийн албыг хэрхэн явуулах, нийгмийн анхааралд байгаа хурц асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх бодлого зорилттой байна гэх зэрэг асуудлыг тодруулж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "МАН-ын бүлгийн гишүүд нэг хэсэг ойлголцохгүй байсан. Одоо ойлголцсон уу. Нэгэнт Засгийн газар УИХ-аас бүрдэж байгаа юм чинь Төрийн ордон дахь өрөөгөө суллах үү. Та энэ албан тушаалд очсоноор юу өөрчлөгдөх вэ” гэсэн асуулт тавьсан. Үүнд нь нэр дэвшигч Ө.Энхтүвшин, “Ямар нэг албан тушаалын тохироогоор биш, үзэл бодол, үнэт зүйл, хариуцлага гээд олон асуудал дээр бид ойлголцолд хүрсэн. Улс орны эдийн засаг хүнд байна, та ажиллах хэрэгтэй байна гэсэн тул би нэр дэвшсэн. Албан тушаалаа давхарлая гэхээсээ үүрэх ачаагаа давхарлая гэсэн юм. Өрөө тасалгааны асуудлыг би хариуцдаггүй. Мөн ямар компаниудыг хувьчлах вэ хэмээн асууж байна. ЗГХЭГ өмч хувьчлалын асуудлыг хариуцдаггүй. Ер нь УИХ-аас өмч хувьчлалын жагсаалтыг баталдаг. Жагаалтад орсон компаниудыг хувьчилна” хэмээн хариулав. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Дараагийн сонгууль болоход 2,5 жил үлдлээ. Гэтэл үр дүнг нь үзэх ёстой олон ажил хүлээгдэж байна. Иймээс би бяртай чадалтай, хариуцлага үүрэх чадвартай хүмүүсийг нэр дэвшүүлсэн” гэсэн нэмэлт тайлбар хийж байв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Төр бизнес хоёрыг салгана, 60 тэрбумын асуудлыг нягтална гэх зэрэг олон асуудал дээр Ерөнхий сайд амлалт өгсөн. Тиймээс Ерөнхий сайд амлалтаа хэрэгжүүлээрэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Бид өмнөх Засгийн газрыг алдаа гаргасан хэмээн үзэж огцруулсан. Тухайлбал, концесс. Энэ асуудлыг нягталж тэдгээр концесс хууль бусаар явсан бол цуцлаарай. Хүмүүсийг бухимдуулахгүйгээр хүүхдийн мөнгөний асуудлыг эцэслэх хэрэгтэй шүү. Шинэ сайд нар кабенитын зарчмаар ажиллах хэрэгтэй. Сайд нар салбарт нь ямар нэг асуудал гарсан тохиолдолд огцордог байх хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал, “Хилийн аюулгүй байдлыг орхигдуулснаас иргэд маш их хохирч байна. Зах замбараагүй хилийн дүрэм журмыг цэгцлэх цаг нь болсон. Хүнсний аюулгүй байдал эмзэг түвшинд хүрсэний зэрэгцээ дотоодын үйлдвэрлэгчид хүнд нөхцөл байдалд ажиллаж байна. Чөлөөт бүсүүдийг нэг захирагчтай болгох хэрэгтэй. Шадар сайд бодлогоо ярьж, хөгжлийн загвараа бий болгох нь зүйтэй юм. Оюуны өмчийн газрыг өөрийн ажлын харьяанд аваарай“ гэсэн санал тавьсан. Үүнтэй холбогдуулж нэр дэвшигч Ө.Энхтүвшин, "Эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлыг 2004 оноос ярьсан. Түүнээс хойш олон жил өнгөрч байна. Ажил нь удаан байгаа юм шиг харагддаг. Ажлаа аваад үүнтэй даруй танилцана” хэмээв.

УИХ-ын гишүүн Л.Болд, “60 тэрбумын гэх хэрэгт ямар дүгнэлт гарах нь вэ гэдэг дээр ард түмэн харж байгаа шүү. Ер нь бол 60 тэрбум төгрөгөөр төрийг жижиглээд зарчихсан шүү дээ. Ийм учраас төрийн чадамж суларсан. Үүнээсээ болж  МАН дотроо хагарлаа. Түүний улбаанд өнөөдөр шинэ Засгийн газар байгуулагдаж байна. Тэгэхээр 60 тэрбумын асуудлыг хэрхэх вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад нэр дэвшигч Ө.Энхтүвшин, “60 тэрбумын гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Шалгаад байгаа юм бол дүнг нь УИХ дээр сонсмоор байгаа юм. Төрийн албыг зарсан юм бол бүр нээлттэй хэлбэрээр сонсох хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Шинэ Засгийн газар тогтвортой сайн ажиллах хэрэгтэй. Саар ажиллавал үгээ хэлэх болно. Ерөнхий сайдад хандаж хэлэх үг байна. Шинэ Засгийн газар бяртай Засгийн газар болно гэж Ерөнхий сайд олонтаа хэллээ. УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн болгосноор бяртай Засгийн газар бүрддэг юм биш. Ардын Засгийн газар гэдэг нэрээрээ явах нь зөв байх. Ер нь цаашид бодлогын түвшинд ажлаа явуулахгүй бол Засгийн газрын насжилт 1.5 жил болчихоод байна. Тиймээс Шадар сайдаар томилогдсон тохиолдолд нам доторх үл ойлголцлыг ан цавгүй болтол гагнаарай” хэмээн захив. Нэр дэвшигч Ө.Энхтүвшин, “Хийх ажил маш их байна. Гэхдээ төрийн албыг хуулийн дагуу явуулах болно" гэсэн тайлбар хийсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Би таныг дэмжихгүй. Та Засгийн газарт орохгүй гэсэн. Гэтэл маргааш нь байр суурь тань өөрчлөгдсөн. Үүнийгээ нөхцөл байдал өөрчлөгдсөн тул байр сууриа өөрчилсөн хэмээн тайлбарласан. Таны үг байр суурь өөрчлөгдөх бүрт өөрчлөгдөх юм байна. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Цаашдаа хэдий болтол бие биенээ хуурах юм бэ. Шударга ёсыг, өөрчлөлтийг хүсч байгаа юм бол одооноос эхлэх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга, “Сүүлийн хоёр жилд Хүүхдийн үндэсний зөвлөл огт хуралдаагүй. Хүүхдийн эрх хамгааллын асуудал дээр шинэ Засгийн газар нэгдсэн байр сууртай болох хэрэгтэй. Засгийн газар сүүлийн үед сошиал дээр давалгаалсан асуудалд түлхүү анхаардгаа болих хэрэгтэй. Үүний оронд хүүхдийн эрхийн асуудалд анхаарья” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “60 тэрбум төгрөгийн хэргийг шийднэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьцаа хэлбэрээр иргэддээ олгоно. С.Зоригийн хэргийг ил тод болгоно. Хууль хяналтын байгууллагын завхралыг арилгана. Оффшорт нуусан мөнгийг эх орондоо авчирна хэмээн энэ Засгийн газар байгуулагдаж байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс Ерөнхий сайд, Шадар сайд эв нэгдэлтэй ажиллаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Та тохирооны Засгийн газар байгууллаа. Уг нь та олон нийтийн дэмжлэгийг авах ёстой байсан юм. Гэвч тэгсэнгүй. Мөн Монгол Улсын төрд очих сайд нарт тавих шаардлага гэж байх ёстой. Гэтэл Цэрэнбат гэдэг энэ залуу нэг ч өдөр төрийн ажил хийгээгүй, бизнес хийж явсаар сайд болж байна. Боловсролын сайд гурав удаа солигдлоо. Бодлогоо цэгцэлж, багш нарын цалинг нэмэх хэрэгтэй" гэлээ.

Товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил
 
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
 Ажилласан байдал
 
1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ