Өсвөрийн волейболчид аваргаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-23 18:18:51
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Биеийн тамир, спортын газар, Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгуулж, А.Хажидмаа захиралтай “Бавгар” ХХК ивээн тэтгэсэн волейболын өсвөр үеийн энэ оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн  боллоо.
Баян-Агт суманд болсон уг тэмцээнд хөвгүүдээс Булган сумын 1-р сургуулийн Д.Баасансүрэн дасгалжуулагчтай баг түрүүлж, Рашаант сумын М.Болдсайхан, Биеийн тамир, спортын газрын Ү.Юука дасгалжуулагчтай баг удаалжээ. Охидын багаас Бүрэгхангай сумын Б.Батцоож дасгалжуулагчтай баг тэргүүлж, Биеийн тамир, спортын газрын Ү.Юука, Хутаг-Өндөр сумын Д.Батсүх дасгалжуулагчтай багууд удаах  байруудад шалгарлаа. 
Багийн дүнгээр алтан медалийг Бүрэгхангай сумын Б.Батцоож, мөнгөн медалийг Булган сумын 1-р сургуулийн Д.Баасансүрэн, хүрэл медалийг Биеийн тамир, спортын газрын Ү.Юука дасгалжуулагчтай баг тамирчид хүртлээ.
Тэмцээний “Шилдэг холбогч”-оор Хутаг-Өндөр сумын н.Урангоо, Рашаант сумын Л.Намжилдорж, “Шилдэг довтлогч”-оор Бүрэгхангай сумын П.Сүнжмаа, Булган сумын 1-р сургуулийн Н.Эрдэнэбаяр, “Шилдэг хамгаалагч”-аар мөн сургуулийн О.Отгонцэцэг, Бүрэгхангай сумын Г.Зол-Эрдэнэ, “Шилдэг тэгш тоглогч”-оор Биеийн тамир, спортын газрын Г.Хосбаяр, Г.Раднаа, “Шилдэг дасгалжуулагч багш”-аар Бүрэгхангай сумын Б.Батцоож шалгарлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ