Чандмань суманд газар хөдөлж, сургуулийн барилгын хана цуурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-30 13:13:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвөөс баруун тийш 14 километрийн зайд 10 сарын 29-ний орой 18 цаг 04 минутанд газар хөдөлжээ.
Өргөрөгийн 45.37, уртрагийн 97.84 градусын солбилцолд 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөлтөөр сургуулийн барилгын хана цуурч, хоёр ангийн цонх хагарчээ. Мөн цэцэрлэгийн хонгилын хаалганы дээд хэсэг, тамгын газрын худгийн барилгын хана, дөрвөн айлын орон сууцны хананд цууралт өгч, спорт заалны цонх хагарсан зэрэг хохирол учирсан гэж аймгийн Газар хөдлөлтийг судлах станцын эрдэм шинжилгээний ажилтан Д.Дулмаа мэдээллээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг байдалтай танилцаж, хохирлыг тогтоохоор Чандмань сум руу гараад байна.

                                                                                                                Ш.Цоодол

Холбоотой мэдээ