Хөдөлгөөн ихтэй автозамын дагуу гэрэлтүүлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-30 16:29:56
Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын зүүн хойд хорооллоос аймгийн төв рүү чиглэсэн авто замын дагуу гэрэлтүүлэг хийж байна. Мөн явган хүний зам тавих юм. Үүнд Орон нутгийн хөгжлийн сан болон Замын сангаас нийт 340 гаруй сая төгрөг зарцуулж байна.

Энэ автозам Улаанбаатараас Мандалговь хотод орж ирдэг, мөн Улаанбаатар-Даланзадгадын замын Мандалговиор дамждаг нэг хэсэг бөгөөд хөдөлгөөн ихтэй учир замын хөвөөгөөр явган зорчигчид зориулсан зам байдаггүйгээс эрсдэлт нөхцөл байсаар ирсэн юм. Тиймээс иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлэх үүднээс автозамын хажуугаар явган хүний 1.4 км зам тавихаар замын сангаас 144 сая төгрөг төлөвлөжээ. Мөн явган хүний болон авто зам руу тусдаг 65 гэрэлтүүлгийг суурилуулж байгаа бөгөөд үүнд Орон нутгийн хөгжлийн сангаас 200 сая төгрөг зарцуулж байна.

Энэ онд Замын сангаас нийт 199 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийнэ. Үүнээс  хот доторх автозамын эвдрэлийг нөхөж, тэмдэг тэмдэглээ хийх, хурд сааруулагч суурилуулахад 54 сая төгрөгийг өнгөрсөн зун зарцуулсан бөгөөд одоо 105 сая төгрөгийг дээрх явган хүний замд зарцуулна. Үлдэгдэл зардлыг ирэх оны төсвөөс өгнө гэдгийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн П.Очирбат тодотгосон юм.

Багагүй хөрөнгө зарцуулсны дүнд Мандалговийн захын хорооллуудын нэг ийнхүү дэд бүтэцтэй болж байна.
Гэрэлтүүлгийг Говьсүмбэр аймгийн “Эрчим сансар” ХХК гүйцэтгэж байгаа бол явган хүний зам тавихаар Дундговь аймгийн “Мандал шилтгээ” ХХК гэрээ байгуулахаар болсон байна.
 
T. Отгонтуяа
 
 
Холбоотой мэдээ