"Эрдэнэс Тавантолгой"-н ажилчид 16.00 цагт ажил хаяж, уурхай бүрэн зогсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-13 18:48:05

“Эрдэнэс-Таван Толгой” компаниас Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасантай холбоотой мэдээлэл хийлээ. 

Эрдэнэс Тавантолгой компанийн Гадаад харилцаа Олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Гэрэлтсансар ярихдаа, "Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаасан талаарх мэдээллийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн.

Түүнийг олон нийтийн газар хүмүүсийг цочроож, өөрийгөө хохироосонд гүнээ харамсаж байна. Эрдэнэс Таван Толгой" ХХК Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн бол "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн дарга нь холбогдох хууль тогтоомжийн дагуу  эрх ашгаа хамгаалах бүрэн боломжтой байсан. Эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх  боломжтой. Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэвч тэрбээр энэхүү хуулийн боломжийг бус харин эрүүл мэндээрээ хохирч нийгэмд айдас төрүүлэхүйц үйлдлийг сонгосонд харамсаж байна. Тиймээс болсон үйл явдлыг зохих хуулийн байгууллага шалгаж, үнэн мөнийг тогтооно биз ээ" хэмээн мэдэгдэв.

 Энэ үеэр  Эрдэнэс Тавантолгой компанийн ажилчид "Гэрээний талаар тайлбар хий. Та нар огцор" хэмээн шаардаж байлаа.

Эрдэнэс Тавантолгой компанийн Ээлжийн мастер Б.Түмэндэлгэр хэлэхдээ, “Бид нэг хүнээ ийм байдалд хүргэсэнд маш хүнд байна. Энэ байдал “TT-JVCo” хятадын компанитай гэрээ байгуулснаас эхэлсэн.  Гэрээг 9 дүгээр сарын 20-нд англи хэлээр байгуулсан  байдаг. Яагаад Монголын нутаг дэвсгэрт англиар гэрээ байгуулах ёстой юм бэ гэдгийг ажилчид эсэргүүцсэн. Үүний цаана маш том зорилго бий гэж үзэж байгаа. Ажилтнуудын зүгээс тавьсан  “Хятадын компани руу шилжүүлсэн 200 гаруй ажилтныг эргүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяанд  авах, шинэчилсэн гэрээний 12 дугаар зүйлд заасан “TT-JVCo” ХХК нь дороо туслан гүйцэтгэгч авах, бусдад эрхээ шилжүүлэх гэсэн заалтыг маш ноцтой гэж үзсэн. Тиймээс дээрх хоёр заалтыг хасахыг шаардсан. Түүнээс биш гэрээг бүтнээр нь цуцлуулах шаардлага тавиагүй.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд шат, шатны  эрх мэдэлтнүүдэд тавьсан уурхайчдын шаардлагад хариу өгөөгүйгээс болж хүн шатахад хүрлээ. Үүнийг уурхайд ажиллаж буй ажилтнууд сонсоод 16.00 цагт ажил хаялт зарлаж, уурхайн ажил бүрэн зогсоод байна. Ажилтнуудаа ингэж хөсөр хаяж буйн зорилго нь Эрдэнэс Тавантолгойг цаасан дээрх үйл ажиллагаатай  компани болгон хувиргаж эцэст нь хувьчилж авах сонирхолтой хүмүүсийн явуулга гэж бид  харж байна”гэлээ.

 “Эрдэнэс Тавантолгой компани нь 600 гаруй ажилтантай бөгөөд эхний ээлжинд 203 хүнийг “TT-JVCo” хятадын компанид шилжүүлэх нэрээр ажилгүй болгох улмаар 50, 200 хүнийг араас нь явуулахаар  болсонд туйлын харамсаж байна.15-20 жилийн  хугацаатай орон сууцны зээлтэй учир 12 сарын баталгаатай ажил дээр бид очоод 13 дахь сараас нь яах вэ. Үүнд хариулт авмаар байна” хэмээн  хэвлэлийн бага хуралд ирсэн уурхайчид хэлж байсан юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ