“Нүүдлийн тамгын газар” суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-17 01:25:14
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар аймагтаа уламжлал болгон тэмдэглэдэг болсон “Төрийн захиргааны албан хаагчийн өдөр”-ийг угтаж Хишиг-Өндөр суманд “Нүүдлийн тамгын газар” ажиллууллаа.
Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, мэргэжилтэн, зарим агентлагийн удирдлага оролцсон ажлын хэсэг тус сумын төр, төсвийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал сум дундын эмнэлгийн материаллаг баазыг сайжруулахаар ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтад тусгахаар өгсөн саналыг аймаг, сумын удирдлага, тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар хамтран ярилцаж дэмжихээр тогтсон байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд сумын Засаг даргын Тамгын газрын болон төсвийн байгууллагын албан хаагчдад төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээний талаар сургалт хийж, зөвлөмж өгсөн байна.
Тус сумын иргэд босоо тэнхлэгийн засмал замыг сумын нутаг дэвсгэрээр тавих, урд бүсийн жишиг сум болгох бодлого баримталж цаашид хөрөнгө оруулалт хийх, бэлчээрийг цөлжилтөөс хамгаалах, үлийн цагаан огтонотой тэмцэх зэрэг асуудлыг аймгийн удирдлагад тавилаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ