Байгаль орчны байцаагч нарт прокурорын шаардлага хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-17 15:19:34

Улсын Ерөнхий Прокурорын газрын харьяа  Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас “Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэл”-ийг  шалгажээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар Байгаль орчны улсын байцаагч нарын  захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хянаж, Байгаль орчны улсын байцаагч нар зөрчил гаргагчдад захиргааны шийтгэл оногдуулахдаа шийтгэврийн хуудсандаа хуулийн зүйл, заалтыг буруу бичдэг, байсныг илрүүлэн засуулахаар болсон байна.

Тэрчлэн хугацаа дууссан шийтгэврийг баталгаажуулах талаар шүүхэд хүсэлт гаргадаггүй, шийтгэврийн хуудсанд засвар хийдэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг хагас хугас хийдэг зэрэг зөрчил илэрчээ. Хуулийн зүйл, заалт буруу бичсэн нэг шийтгэврийн хуудсыг өөрчилж зөвтгүүлэхээр прокурорын тогтоол явуулжээ. Прокурорын зөвлөгөөнөөр шалгалтын дүнг хэлэлцүүлэн илэрсэн зөрчлийг арилгуулж, цаашид зөрчил, дутагдал гаргуулахгүй байх тухай прокурорын шаардлагыг Орхоны хөндийн цогцолборт газрын удирдлагад прокурорын шаардлага хүргүүлсэн байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ