АНУ-ын Үндэсний Гвардийн командлагч, бригадын генерал Лаури Хаммел айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 10:19:25

АНУ-ын Аляск мужийн Үндэсний гвардийн командлагч, бригадын генерал Лаури Хаммел манай улсад айлчилж байна. Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр түүнийг хүлээн авч уулзлаа.

 Г.Сайханбаяр ”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн талаар дурдаад, бид орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэхийн тулд дэлхийн олон орны туршлагыг судлан үзэж байна. АНУ-ын Үндэсний гвардийн үйл ажиллагааг харж байхад орон нутгийн хамгаалалтын нэг оновчтой хувилбар юм гээд Монгол Улс, АНУ-ын Аляск мужийн Үндэсний гвардитай хамтран “Улс, муж хоорондын түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Бригадын генерал Лаури Хаммел АНУ-ын Үндэсний гвард олон жилийн түүхтэй, байгууллага болохыг танилцуулаад  Монгол Улсын Батлан хамгаалах яамтай хамтран ажиллах санал нэг байна гэлээ.  2016 оны 4 дүгээр сард болох Аляск мужийн Үндэсний гвардийн бүрэн хэмжээний сургууль, дадлагад Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас ажиглагч багаар оролцохыг урилаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ