Австралид суралцах боломжийн талаар мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-16 16:36:38
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри тус аймагт хийж буй ажлын айлчлалын хүрээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, МСҮТ-ийн суралцагчид болон төрийн албаны залуучуудтай уулзалт хийлээ.

Тэрээр Монгол, Австрали хоёр орны хамтын ажиллагаа болоод Австралийн засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, оюутны тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

“Өнгөрөгч онд Монгол Австрали хоёр орны хамтын ажиллагааны 45 жилийн ой тохиосон. Энэ хугацаанд хоёр орныг зорих аялагч, жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, мөн Австралиас Монголд, Монголоос Австралид оршин суух, мөн суралцах иргэдийн тоо өссөн. Манай улсын Засгийн газрын дэмжлэгээр жилд 40 оюутан Австралид суралцаж байна. Бид цаашид энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хөдөө орон нутгийн оюутан сурагчдыг түлхүү хамруулахыг зорьж байгаа та бүхэнд том боломж бий. Гагцхүү англи хэлний мэдлэгийн түвшин болоод хувь хүний хүмүүжил, төлөвшил сайн байх ёстой. Гэхдээ бид эхний ээлжинд хөтөлбөрт хамрагдах иргэдийн өөрийнх нь улсад хэлний бэлтгэлийн сургалтанд хамруулж өгөх боломжтой.” хэмээн элчин сайд Жон Лангтри хэллээ.

Уулзалтын үеэр оролцогч багш сурагчид элчин сайдад өөрсдийн хүссэн асуултыг тавьж, хариулт авч, харилцан яриа өрнүүлсэн юм.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ