М.Мянганбуу: "Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар 1976 хүн материалаа ирүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-01-17 18:37:15
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох, Алдар цолтой ахмад настнуудад хөнгөлөлт үзүүлэх тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байна. Үүнтэй холбоотой хүн амын өсөлтийг дэмжих, гурав хүртэл настай хүүхэдтэй болон өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой тэтгэмжүүдэд иргэд хэрхэн хамрагдах, Говь-Алтай аймагт хэрхэн хэрэгжиж эхлээд байгаа болон хүнсний эрхийн бичиг олголтын тойм мэдээллийг аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын дарга М.Мянганбуугаас тодрууллаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2017 онд Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газраас иргэд хөдөлмөрчдөд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Танай хамт олон 2018 оны ажлын гараагаа ямар ажлаар эхлүүлээд байна вэ?
-Энэ оны нэгдүгээр сараас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 4 төрлийн тэтгэмж олгохоор УИХ-аас шийдвэрлэсэн. Тодруулбал: 
Нэгдүгээрт, жирэмсний тэтгэмж. Эх жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянган төгрөгийг авна.
Хоёрдугаарт,  0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхийг “Цалинтай ээж” хөтөлбөрт хамруулан сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. 
Гуравдугаарт, ихэр хүүхдийн тэтгэмж. Уг тэтгэмжийн хүрээнд ихэр хүүхэд тус бүр нэг сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая төгрөг олгоно. 
Дөрөвдүгээрт, 0-18 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх тэтгэмжүүдэд хамрагдах хүсэлтэй эцэг, эхчүүд оршин суугаа газрынхаа хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт, харьяа багийнхаа Засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө. Харин цалинтай ээж хөтөлбөрийн тухайд сум, өрхийн эмчийн “хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа” гэсэн тодорхойлолтыг нэмэлтээр хавсаргах ба хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. Түүнчлэн өрх толгойлсон эцэг, эхийн хувьд, гэр бүл болоогүй ганц бие ээж эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах мөн тэжээгч нь нас барсны гэрчилгээний хуулбар байх ёстой.
-Өнөөдрийн байдлаар дээрх хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хэчнээн иргэн ирүүлээд байна вэ?
-Материалыг нэгдүгээр сар гарангуут хүлээн авч эхэлсэн. Одоогоор аймгийн хэмжээнд “Цалинтай ээж” хөтөлбөрт 1976, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжид 40 иргэн материалаа ирүүлээд байна. 
-Алдар цолтой ахмад настанд төрөөс хөнгөлөлт олгохоор шийдвэрлэсэн. Уншигчдад маань энэ тухай мэдээлэл хүргэвэл?
-Энэ оноос хэрэгжиж эхэлсэн халамжийн хуулиудын нэг нь бол “Алдар цолтой ахмад настанд төрөөс хөнгөлөлт олгох” хууль юм. Алдар цолтой гэдэгт Монгол Улсын Төрийн шагналт, Төрийн соёрхолт, Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын үндсэн хуулийг хэлэлцэж баталсан 1990-1992 оны Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнд сар бүр мөнгөн тусламж олгох юм. Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнд 150 мянган төгрөг, түүнчлэн аймаг, нийслэлээс ирж буцах зардал, дотоодын рашаан сувилалд амрах, байрны халаалт болон нүүрс түлээний хөнгөлөлтийг тус бүр жилд нэг удаа олгохоор хуульчилсан. 
-Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд хүнсний эрхийн бичиг олгодог. Иргэд 2017 оны хүнсний эрхийн бичиг олголттой холбоотой санал хүсэлт, шүүмжүүдийг олонтаа гаргасан. Яг ямар зарчмаар хүнсний эрхийн бичиг олгосон бэ?
-Бид төрөөс олгож буй тусламж дэмжлэгийг зорилтот бүлгийн иргэд буюу “жинхэнэ эздэд нь” олгохыг хичээн ажилладаг. 2017 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд “Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа” явагдсан. Уг судалгааны үр дүнд өрхүүдийг амьжиргааны түвшингээр нь 5 хэсэгт хуваан ангилсан. Нэгдүгээр түвшин буюу 292,5-аас доош оноотой өрхүүдэд хүнсний эрхийн бичиг олгогдсон. Өмнө нь 240 оноотой өрхүүд хүнсний эрхийн бичигт хамрагдаж байсан бол 2017 оны 11 дүгээр сараас эхлээд шинэ аргачлалаар буюу 292,5 оноотой өрхүүдийг хамруулж эхэлсэн. Хамрах хүрээ хийгээд нэг өрхөд олгогдох мөнгөн дүн нь ч нэмэгдэн насанд хүрсэн хүн 16 мянга, хүүхэд 8 мянган төгрөг авахаар болсон. Шинэ аргачлалаар аймгийн хэмжээнд 3947 иргэнд сард нийт 44 сая 744 мянган төгрөгийн эрхийн бичиг олгосон. Есөнбулаг сумын 429 өрх 292,5 онооноос доош оноотой гэж үнэлэгдэн хүнсний эрхийн бичиг авах эрх үүссэн. Иргэдийн санал хүсэлтийг үндэслэн Есөнбулаг сумын хүнсний эрхийн бичиг авах эрх үүссэн өрх тус бүрээр нөхцөл байдлын үнэлгээ, хяналт шалгалтыг хийж 41 өрхийг хүнсний эрхийн бичиг авах шаардлагагүй гэж үзэн хассан. Өөрөөр хэлбэл амьжиргааны түвшин тогтоох судалгаанд өрхийн мэдээллээ буруу өгсөн нь тогтоогдсон. Одоо Есөнбулаг сумд 388 хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдана. 
-Уншигчдын сонирхож байгаа дараагийн асуудал бол Хүүхдийн мөнгөтэй холбоотой мэдээлэл, цаашид олгогдох болов уу гэдэгт хариулт авахыг хүлээж байгаа. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд хэчнээн хүүхдэд 20 мянган төгрөг олгоод байна вэ?
-УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор 0-18 насны хүүхдэд “хүүхдийн мөнгө” олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу 2017 оны “Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа”-нд хамрагдан өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн 0-18 насны 11,695 өрхийн 20,819 хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгосон. Мөн 2017 онд шинээр төрсөн 1071 хүүхэд, мэдээлэл нь зөрсөн 55 хүүхдийн мэдээллийг засч залруулан мөнгийг нь төрсөн сараар нь тооцож нөхөн олгоод байна. Одоогоор 2018 оноос хүүхдийн мөнгө олгогдох эсэх шийдвэр нь ирээгүй байна. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ