Конторууд оршин суугчдаас хууль бус төлбөр авдаг нь тогтоогдов

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2015-11-20 12:12:36

Хувийн орон сууцны конторууд иргэдтэй харилцан тохиролцолгүйгээр хууль бусаар мөнгө хурааж байсныг илрүүлжээ.  

ШӨХТГ-т хувийн орон сууцны конторууд иргэдээс хууль бусаар төлбөр авч байгаа тухай гомдол ирсний дагуу хувийн орон сууцны ашиглалтын компаниудын үйл ажиллагааг шалгасан талаар өнөөдөр тус байгууллагын удирдлагууд мэдээлэл хийлээ. Уг шалгалтын үеэр орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй “Тэлмүүн орд” ХХК “узелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 2800 төгрөг, “Богд асар” ХХК “ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр 6000 төгрөг, “Бадамлах нар” ХХК “насос тог” нэрээр 2475-11000 төгрөг, “Батбаян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000 төгрөг, “Тунамал өргөө” ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөгийг хэрэглэгчдээс хууль бусаар авч байсан нь тогтоогдов.
Хувийн орон сууцны дээрх компаниуд нь хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж төлбөр авдаг байсан нь тогтоогдсон тул контор тус бүрт 1.210.000 төгрөгийн торгууль ногдуулж зөрчлөө арилгахыг ШӨХТГ-аас шаардсан юм. Уг шаардлагын дагуу “Батбаян дулаан” ХХК, "Бадамлах нар" ХХК, “Тэлмүүн Орд” ХХК, Тунамал өргөө ХХК-иуд хууль бус үйлдлээ таслан зогсоосноо мэдэгдэн ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн баримтыг үндэслэн хохирлыг нь барагдуулсан байна.  
Харин “Богд асар” ХХК-ийн хувьд зөрчлөө таслан зогсоохгүй, үргэлжлүүлсээр байгаа тул иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар их хэмжээний мөнгө хүчээр татаж байгааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж ШӨХТГ-аас хууль хяналтын байгууллагад хандахаар болжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ