Шинэ байрандаа орсон цагдаагийн албан хаагчдын гэр бүлд баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-22 11:45:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад хүлээн авсан мэдээг бид өмнө  нийтэлсэн. Өнгөрсөн баасан гаригт  нээлтээ хийж амралтын өдрөөр  цагдаагийн алба хаагчид шинэ байрандаа оржээ. 

Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаагийн дэд ахлагч С.Ганзоригт шинэ байрных нь түлхүүрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгсөн бол Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан цагдаагийн дэслэгч Н.Ганчимэгийн гэр бүлд баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ. Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 675 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлж барилгын ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр "Цагдаа хотхон 1, 2" орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК ажилласан гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ