Энэтхэгт нэгэн эмч 25 автомашиныг галдан шатаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-22 13:02:31
ШИНЭ ДЕЛИ. /Би-Би-Си/.  Энэтхэгийн өмнөд нутгийн Карнатака мужид долоо хүрэхгүй хоногийн дотор 25 автомашиныг галдан шатаасан хэргээр нэгэн эмчийг баривчилжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, хяналтын камерын тусламжтайгаар энэ сарын 17-нд сэжигтэн Амеет Гайквадыг баривчилсан байна. Сэжигтэн чухам ямар шалтгааны улмаас эдгээр автомашиныг галдан шатаасан нь хараахан тодорхойгүй байгаа аж.

Энэ сарын 14-17-нд шатаасан 25 автомашины 13 нь А.Гайквадтай ямар нэгэн холбоогүй мэргэжил нэгт нөхдийнх нь автомашин байжээ. Хохирогч эмч нар нь А.Гайквадаас өөр дүүрэгт ажилладаг хүмүүс гэнэ.

Цагдаа нар “Би-Би-Си” телевизэд энэ хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “Сэжигтэн А.Гайквад нь мэргэжлийн ур чадварын хувьд хамт олныхоо дунд өндөөр үнэлэгддэг, “сайн багш” гэж хүндлэгддэг нэгэн. Энэ хэргийн талаар хамт олон нь сонсоод маш их гайхацгаасан. Түүнийг ийм хэрэг хийсэн гэдэгт тэд итгэхгүй байсан” гэжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ