Грэммийн шагнал гардуулах ёслолын ялагчид тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-29 17:40:16
МОСКВА. /ТАСС/. 60 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гарагт Нью-Йорк хотын “Мэдисон-сквер-гарден” ордонд болсон байна. Ингээд та бүхэндээ энэ удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын ялагчдыг танилцуулж байна.

АНУ-ын хөгжмийн зохиолч Рэнди Ньюман Путины тухай дуугаараа Грэммийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг дууны найруулга” төрөлд шалгарчээ. Уг дуунд “Түүнийг цамцаа тайлахад бүсгүйчүүд ухаанаа алддаг, түүнийг цамцаа тайлахад би эмэгтэй болохыг хүсдэг” гэхчлэн өгүүлдэг аж.  
 

 
Энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолын хамгийн хүндтэй шагналын төрөл болох “Оны шилдэг дуу” төрөлд Америкийн дуучин, ая зохиогч, хөгжимчин Бруно Марсын "That's What I Like" дуу шалгарчээ. Түүнчлэн тэрбээр "24k Magic" дууны хөгжмийн зохиолоороо “Оны шилдэг бичлэг” төрөлд, "24k Magic" цомгоороо “Оны шилдэг цомог” зэрэг төрөлд шалгарч Грэммийн шагналын эзэн болсон байна.
 

“Шилдэг дууны дүрс бичлэг” төрөлд шагнал хүртсэн Америкийн рэпер Кендрик Ламар



 “Шилдэг электрон бүжгийн цомог” төрөлд германы “Kraftwerk” хамтлагийн "3-D The Catalogue" цомог шалгарчээ.
 

 
"Шилдэг поп цомог" төрөлд Колумбын дуучин Шакира "El Dorado" дуугаараа шагнал хүртсэн байна.
 

“Шилдэг поп дуэт/ хамтлаг дуу” төрөлд Америкийн “Portugal.The Man” рок хамтлагийн "Feel It Still" дуу шалгарсан байна. Аляск муж улсад байгуулагдсан таван хүний бүрэлдэхүүнтэй уг хамтлаг нь энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолд анх удаа нэр дэвшсэн байна.
 

Канадын дуучин, дуу зохиогч Алессия Кара “Шилдэг шинэ эмэгтэй дуучин”-аар шалгарсан байна.  “Хүн бүрт ижил боломж бий” хэмээн тэрбээр Грэммийн шагналаа гардан авах үеэрээ нулимс дуслуулан хэлжээ.
 


Их Британийн дуу зохиогч, дуучин, жүжигчин Эд Ширан "Shape of You" дуугаараа “Шилдэг соло поп дуу” төрөлд Грэммийн шагналыг хүртсэн байна.
 

Энэ жилийн “Шилдэг соло рок дуу” төрөлд Канадын зохиолч, яруу найрагч, хөгжимчин Леонард Коэн "You Want It Darker" дуугаараа Грэммийн шагнал хүртсэн юм. Тэрбээр 2016 оны 11 дүгээр сард 82 насандаа таалал төгссөн билээ. Л. Коэн бол хамгийн алдартай дуунуудын нэг болох "Hallelujah" дууны хөгжмийн зохиолч юм.
 
“Шилдэг рок дуу” төрөлд америкийн Foo Fighters хамтлаг "Run" дуугаараа шалгарч Грэммийн шагнал хүртэв. 1994 онд байгуулагдсан тус хамтлаг нь “Шилдэг рок цомог” төрөлд шалгарсан Грэммийн шагналын тоогоороо дээд амжилт үзүүлээд байгаа юм.


Харин энэ жилийн “Шилдэг рок цомог” төрөлд шалгарсан хамгийн хүчтэй оролцогчдын нэг нь “The War On Drugs” хамтлаг байжээ. Тус хамтлаг "A Deeper Understanding" дуугаараа Грэммийн шагнал хүртжээ.

 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ