Монгол, Францын бизнесменүүд уулзаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2015-11-21 12:32:07

Өнөөдөр Монгол Францын бизнесменүүд Парис хотноо уулзан "Бизнес форум" зохион байгуулж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Франц улсад хийсэн айлчлалын хүрээнд Монгол Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний нэг юм байна.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хоёр улсын бизнес эрхлэгчдэд хандан “Уул уурхайн ашигт малтмал үнийн уналтаас шалтгаалаад  эдийн  засгийн түр зуурын хүндрэл үүссэн гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон байгаа энэ үед монголчууд дотоодын боломжоо ашиглаж байна. Худалдааны сэтгэлгээнээс үйлдвэрийн сэтгэлгээ рүү шилжин, өөрсдийнхөө баялгийг нэмүү өртөг шингээсэн баялаг болгоход анхаарч байна. Монгол Улсын Их хурал өнгөрсөн хавар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан.  Тус хуулиараа экспортын баримжаатай үндэсний компаниудыг бодлогоор дэмжинэ. Энэ хүрээнд Монгол Улсад хариуцлагатай үйлдвэр эрхлэгчид, бизнес эрхлэгчид олон болж, энэ ажил эрчимжих хандлагатай байна” гэлээ. Бизнес форумд Монголоос оролцож буй төлөөлөгчид өөрсдийн эрхэлж буй бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх сайн түншийг олох үр дүн бүхий форум болж байгааг онцлов. Францын бизнес эрхлэгчдийн зүгээс мөн Монголчуудтай хамтарч ажиллахдаа хөрөнгө оруулагч гэхээсээ илүү   бизнест хамтран ажиллах сайн түншийн харилцаатай байхыг хүсч байна. Олон шинэ төслийг хамтран амжилттай хэрэгжүүлэхийг хүсч байна. Хамтарч ажиллах боломжийг хайн,  хүнд цаг үед сэтгэл санааны дэмжлэг өгөхөөр ирсэн монгол нөхөддөө баярласнаа илэрхийллээ. “Франц-Монголын бизнес форум”-д уул уурхай,  барилга байгууламж, эрчим хүч, аж үйлдвэр, технологийн болон бусад салбарыг хамарсан хоёр улсын нийт 100  гаруй бизнес эрхлэгч оролцож, санал бодлоо солилцож байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  Итали болон Бүгд найрамдах Чех улсад ажлын айлчлалаа үргэлжлүүлэх юм.

 

Холбоотой мэдээ