Халдварт менингококкт өвчний тохиолдол гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-22 19:17:25
Увс /МОНЦАМЭ/. Давст сумын 5 настай иргэн амьсгалын замын халдварт менингококкт буюу бидний нэрлэж заншсанаар менингит өвчний оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт ирж хэвтэн эмчлүүлж байна. Тус хүүхэд нь шинийн гуравны өдөр үс үргээх даахины найраа хийлгэсэн бөгөөд маргааш нь гэнэт өвдсөн байна.
Энэ дагуу аймгийн төвд ирж эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн газраас мэргэжлийн хүмүүс Давст суманд очиж дайхны найрт ирсэн бүх хүмүүст урьдчилан сэргийлэх вакцин хийж, шаардлагатай арга хэмжээ авчээ. Одоогоор өвдсөн хүүхдийн биеийн байдал хэвийн, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байна. Уг өвчнөөр ихэвчлэн 0-5 насны хүүхэд өвчилдөг бөгөөд өндөр халуурдаг, бөөлжих, таталт өгөх, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Иймээс эцэг эхчүүдэд хандан аймгийн ЭМГ-аас зөвлөмж гаргасан бөгөөд бага насны хүүхэддээ тавих анхаарлаа улам нэмэгдүүлэхийг сануулж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ