Тэмээний баяр өргөн дэлгэр болж өнгөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-27 15:02:32
 Увс /МОНЦАМЭ/. Завхан суманд өчигдөр Тэмээний баяр болж, энэ үеэр тэмээг эдэлж хэрэглэх нарийн арга ухааныг тус сумын ард түмэн өнөөг хүртэл өвлөн тээсээр ирснийг илтгэх олон төрлийн тэмцээн уралдаанууд зохиогдлоо.
Нийтдээ 70 гаруй тэмээ уралдсанаас Завхан сумын Шар булаг багийн тэмээчин А.Батмөнхийн хар ат түрүүлж, Айраг багийн тэмээчин, Монгол Улсын аварга малчин Д.Дамдинсүрэнгийн хөх аман хүзүүдэн, Завхан аймгийн Ургамал сумын М.Мөнхболдын шар ат айргийн гуравт давхилаа. Тэрчлэн Завхан сумын Айраг багийн малчин М.Нарантулгийн хар айргийн дөрөвт, Шар булаг багийн уяач Ж.Оргилын хүрэн ат айргийн тавд орлоо. Үүнээс гадна буйл зорох, бурантаг томох, тэмээний сэдэвтэй гар зургийн уралдаан, ганган тэмээтэй хос, шилмэл ингэ, шилмэл буур шалгаруулах, тэмээн буухиа зэрэг тэмцээн боллоо. Тэмээний баярт хүрэлцэн ирсэн наадамчдын дунд элсний сумо, олс таталтын тэмцээн болсон юм.
Тэмээний баярыг Увс аймгийн ЗДТГ-аас Завхан сумын ЗДТГ болон "Сайхан Халиун" компанитай хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд Увс аймгаас сонгогдсон гишүүд болох УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар болон Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд ноён Масато Такаока нар оролцлоо.
Б.Батхүү
Холбоотой мэдээ