Тусгай бэлтгэлийн тасаг шилжин явах цомоо үүрд хадгалан авч үлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-17 16:03:10
Сэлэнгэ /Монцамэ/. Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” энэ амралтын өдрүүдэд тохиож байна.
Энэхүү баярыг Сэлэнгэ аймагт ёслол төгөлдөр тэмдэглэж, аймгийн төв Партизаны талбайд цэргийн хүрээний байгууллагууд ёслолын парад жагсаж, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Мөн баярын арга хэмжээний хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн хүрээний байгууллагуудын дунд зохион байгуулсан цуврал арга хэмжээний шагнал гардуулах ёслол болов. Арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Ёндонжамц, Цэргийн штабын дарга хурандаа Т.Баяраа, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, Хилийн 0243-р ангийн захирагч хурандаа Х.Дамдинсүрэн, Хилийн 0101-р ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, ОБГ-ын дарга хурандаа Г.Баатар нарын албаны хүмүүс, бэлтгэл офицерууд оролцлоо.
Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан спортын цуврал тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээнийг ОБГ-ын баг тамирчид, волейболыг Хилийн 0101-р ангийн баг тамирчид,  ширээний теннисний тэмцээний эрэгтэйчүүдийг Хилийн 0101-р ангийн тамирчин д/х П.Чулуун-Эрдэнэ, эмэгтэйчүүдийг мөн ангийн д/а Б.Номин нар тэргүүлсэн юм. Харин Монгол Улсын буудлагын спортын мастер бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит ПМ гар буу болон АКМ бууны төрөлд Хилийн 0243-р ангийн баг тамирчид тэргүүлжээ. Мөн тэргүүний дууч жагсаалч салаа шалгаруулах болон хурандаа З.Төрмөнх агсны нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмээний тэргүүн байрыг Хилийн 0243-р анги тус тус тэргүүлсэн байна.
Ингээд цуврал тэмцээнийг нэгдсэн дүнгээр Хилийн 0101-р ангийн хамт олон тэргүүлж, Хилийн 0243-р анги, ОБГ удааллаа.
Дашрамд дуулгахад Хилийн 0243-р ангийн марш тактикийн тусгай бэлтгэлийн тасаг гурван жил дарааллан тэргүүлсэн амжилтаар шилжин явах цомоо үүрд хадгалан авч үлдлээ. Мөн баярын энэ өдөр эх орныхоо хилийг манан эр цэргийн манаанд алхах 18 нас хүрч буй залуусын төлөөлөл болгож Сүхбаатар сумын зургаан хүүд цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ