Өвөрхангайд жилд 200 гаруй эмэгтэй үр хөндүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-22 17:09:28
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үр хөндөлтийг 45 мянган төгрөгөөр хийдэг байна. Ихэвчлэн 18-45 насныхан үр хөндүүлдэг бөгөөд жилд 200 гаруй эмэгтэй үр хөндүүлдэг байсан нь сүүлийн жилүүдэд харьцангүй багасч, харин насанд хүрээгүй охидууд жирэмслэх, үр хөндүүлэх асуудал ихэсч байгаа болохыг БОЭТ-ын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Цэгмид хэллээ.
Өнгөрсөн онд 18 нас хүрээгүй 106 охин төрж, үр хөндөлт 27 бүртгэгдсэн байна. Үүн дотор 12 настай хүүхэд хүртэл байгааг хэлэв. Насанд хүрэгчдийн дунд төлөвлөөгүй жирэмслэлт их байгаа бол өсвөрийн охидууд хүчинд автах байдлаар жирэмсэлдэг байна. Үр хөндөлтийн төлбөр улсын хэмжээнд хямд байгаагаас шалтгаалж, хүүхэд төрүүлэхийг хүсээгүй эмэгтэйчүүд аборт хийлгэх нь ердийн үзэгдэл болсны сөрөг үр дүнд үргүйдэл ихэсч байгаа аж. БОЭТ-ийн хяналтанд үргүйдлийн шалтгаантай 300 гаруй гэр бүл байна. Тэдний 50 хувь нь дотоод шүүрлийн наалдангитай гэж оношлогджээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ