Г.Дашжанцан: Эмч, иргэн хоёрт аль алинд нь эрх, үүрэг гэж байгаа. Ойлголцох нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-05 18:16:27

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн БОЭТ-д нэвтрүүлж буй орчин үеийн технологи, тусламж үйлчилгээний үр дүнгийн талаар захирал Г.Дашжанцангаас тодрууллаа.

 

-Аймгийн БОЭТ нь сүүлийн жилүүдэд томоохон мэс засал, хагалгааг хийдэг болсон байна. Орчин үеийн технологийг ч сайн нэвтрүүлж. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Аймгийн БОЭТ нь дөрвөн клиник, 12  тасаг, 16 нэгж албатай, 476 алба хаагчтай том байгууллага юм. Бүсийн хэмжээнд оношилгоо, эмчилгээ, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд бид эмч, мэргэжилтнээ бэлтгэж, мэргэжлийн өндөр түвшний тусламж, үйлчилгээг хүргэх зорилго тавин ажилладаг.

Улсын Нэг, Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ-тэй гэрээ байгуулж, нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулах, энэ үеэр өөрсдийн эмч, сувилагчдаа ажлын байранд сургах, дадлагажуулах, мөн дээрх эмнэлгүүдэд эмч нараа илгээж мэргэжил дээшлүүлэх зэргээр үр дүнтэй хамтран ажиллаж байна.


Тухайлбал, ГССҮТ-тэй хамтраад өвдөг, түнхний хиймэл үе солих хагалгааг аймагтаа хийж эхэлсэн. Монгол Улсын гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны магистр, клиникийн профессор Ө.Өлзийбаатар эмчийн туршлагад суурилаад жилд дунджаар 80 орчим үений хагалгааг бие даан хийлээ. Монгол Улсын гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны магистр, хавдар судлалын клиникийн профессор Г.Пүрэвдоржийг БОЭТ-ийн зөвлөх эмчээр ажиллуулж, толгой, хүзүүний мэс заслыг нутагшуулж байна.



2022 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ангиографийн иж бүрэн аппаратыг суурилуулж, судсан дотуурх оношилгоо, эмчилгээг аймагтаа хийдэг болсон. Нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөх эмч Х.Батмягмар, ангиографийн эмч Б.Бум-Эрдэнэ нартай хамтран мэдрэлийн эмгэгийн  үеийн  судсан  дотуурх  оношилгоо, эмчилгээг аймагтаа хийж байна.


Монгол Улсын Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг бүс нутагт үзүүлэхээр зорьсны үр дүнд өвдөг, түнхний хиймэл үе солих мэс засал 46, судсан дотуурх оношилгоо эмчилгээг 130 гаруй, хүзүү толгойн хортой болон хоргүй хавдрын мэс заслыг 15 тохиолдолд хийлээ.


Мөн лабораторийн шинжилгээний төрлийг нэмэгдүүлэн бэлгийн замаар дамжих халдварын илрүүлэг, хөхөнцөр вирусний халдвар, B, C вирусний ачаалал тоолох зэрэг шинжилгээг хийж байна. Үүний үр дүнд иргэдийн Улаанбаатар хотыг зорих цаг хугацаа, эдийн засагт маш их хэмнэлтийг үзүүлж байгаа юм. Зөвхөн Өвөрхангай гэлтгүй, баруун аймгуудаас хүмүүс ирж хагалгаанд орж байна.

 

-Аймгийн 70321111 утсаар БОЭТ-тэй холбоотой санал, гомдол тасардаггүй. Сүүлийн нэг жилд арай буурах хандлагатай байгаа нь ажиглагдлаа.

-Бидэнд санал гомдол багагүй ирдэг. Мэдлэггүйгээс болоод алдаа зөрчил гаргалаа гэх гомдол бараг байдаггүй, ихэнх нь харилцаа хандлагатай холбоотой байдаг. Мөн иргэд мэдлэг, мэдээлэлгүйгээс шалтгаалж буруу зөрүү ойлголтоор санал, гомдол тавих нь ч бий.

Жишээ яривал, гэмтэлтэй иргэн ирэхэд эмч хадна гэхээр нөгөөх нь бариулна гэдэг. Анагаах ухаан, техник технологи хөгжсөн энэ үед гэмтлийг компьютерт хараад тэр хүний цаашдынх нь эрүүл мэндийг бодоод үнэхээр хадах шаардлага байгааг эмч хэлж байгаа юм. Эгэмний хугарал байлаа гэхэд хадахгүйгээр эдгээнэ гэвэл уушги гэмтээх аюултай. Гэвч үл ойлголцлоос болж маргаан үүсгэдэг.

Тэгэхээр эмч, иргэн хоёр ойлголцох нь чухал. Эмч, иргэн хоёрт аль алинд нь эрх, үүрэг гэж байгаа. Нэгнийхээ эрхийг хүндэлж, үүргээ хэрэгжүүлэхэд анхаараасай гэж хэлмээр байна.



-Иргэдийн гомдлын мөрөөр ямар арга хэмжээ авч ажиллав?

-2023 оны байдлаар 400 гаруй өргөдөл, хүсэлт бүртгэгдсэний 96 хувийг шийдвэрлэсэн. Үйлчилгээтэй холбоотой гомдлын дагуу цахим бүртгэлийн хэсгийн зохион байгуулалтыг өөрчилж, сэтгэц, мэдрэл, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, өдрийн эмчилгээний хэсгүүдийг өөрсдийн нөөцөд тулгуурлан засварласан. Эрчимтэд дөрвөн ор нэмж, найман ортой болгосон. Сэтгэцийн тасгийг тусад нь гаргаж, 16 орыг бүрэн ашиглах боломжтой болголоо. Мэдрэлийн тасгийг засварлаж тохижуулсан. “Баянтээг” ХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дотрын тасгийг тохижуулах хөрөнгийг шийдвэрлэж өгсөн.

Ингэж хүртээмжийг нэмэгдүүлж байгаад иргэд талархалтай хандаж байгаа. Эмнэлгийн төв барилгыг 1997 онд барьсан учраас их засвар хийх шаардлагатай байсан. Үүнийг үе шаттай шийдвэрлээд явж байна.

Түүнчлэн яаралтай тусламжийн үйл ажиллагааг сайжруулж, хүүхэд, насанд хүрэгчдийн хүлээн авахыг тусад нь гаргаад лаборатори 24 цагаар, дүрс оношилгоо 24 цаг хүртэл ажилладаг болсон. Ингэснээр шөнийн цагаар ирсэн өвчтөнд хүлээгдэл үүсгэхгүйгээр яаралтай арга хэмжээг авч байна. Үүнийг маш том дэвшил гэж харж байгаа.


-Одоо иргэд ямар санал гомдлыг ирүүлж байна вэ?

-Эмчийн хяналттай холбоотой гомдол ирж байна. Хяналтад байгаа өвчтөнөө цаг тухай бүрд үзээд зөвлөгөө өгч байх ёстой. Хяналтын горим алдагдахаар эмчийн хөдөлмөр, өвчтөний ууж байгаа эм ямар ч үр дүнгүй болно. Энэ талаар иргэдийн ойлголт муу учраас заримдаа ирдэггүй, ирсэн ч цаг авч чадахгүй тохиолдол байдаг.

Мөн иргэнээс төлбөр авч байна гэх шүүмжлэл гарсан. Энд хоёр төрлийн төлбөр байгааг ойлгох хэрэгтэй. Төр төлбөрийг нь хариуцдаг тусламж үйлчилгээ гэж байна. Мөн иргэн хариуцан төлөх хамтын төлбөр гэж байна. Хамтын төлбөрт нь төрийн албан хаагч, хувиараа даатгал төлөгч иргэд хамрагддаг бол өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлбөрийг улс даадаг.

Жишээ нь, хүүхэд мухар олгойн хагалгаа хийлгэхэд үнэ төлбөрийг нь улсаас төлж байгаа учраас үнэгүй юм шиг харагдаад байдаг. Харин төрийн албан хаагчид, даатгал төлдөг иргэд бол нийт төлбөрийн 10 хувийг нь төлнө. Мөн ЭМЯ-наас баталсан журмын дагуу төлбөртэй тусламж үйлчилгээ гэж байна. Иргэн өөрөө хүсэх юм бол төлбөртэй тусламж үйлчилгээ авч болно.



-Өнөөдрийн байдлаар аймагтаа шийдэж чадахгүй байгаа эмчилгээ, сувилгаа бий юу?

-Нуруу нугасны хагалгаа, цусны өвчлөлийг аймагт эмчлэх боломжгүй байна. Мөн MR аппарат байхгүй учраас үе мөч, мэдрэл дагасан эмгэгүүдийг оношилж чадахгүй байна. Хүүхдийн нарийн мэргэжлийн хагалгааг хот руу явуулж байгаа. Гэмтлийн хувьд түлэнхийн мэргэжлийн эмч байхгүй учраас хүндрэлтэй байдаг. Мөн тархины мэдрэлийн мэс заслын эмчийг бэлтгэж амжаагүй учраас өвчтөнийг хот руу явуулах эсвэл мэргэжлийн эмч дуудах шаардлага үүсдэг.

Элэг тайрах болон уушгины хавдрын хагалгааг аймагтаа хийж эхэлж байна. Цаашид бүрэн нутагшуулах боломж бүрдэнэ. Төрөх тасагт дурангийн мэс заслын аппаратыг оруулж ирсэн болохоор эмэгтэйчүүдийн мэс заслын хагалгааг эндээ шийдэж байгаа.


Дээр нь лабораторио сайжруулахаар ЭМЯ-наас хөрөнгө оруулалтыг сайн татлаа. Молекул биологийн лабораториор STI-7 буюу бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх, HCV буюу С вирус, HBV буюу В вирусний ачаалал тоолох зэрэг шинжилгээг шинээр нэвтрүүлсэн. Энэ жил 400-гаад сая төгрөгийн тоног төхөөрөмж авахаар тендер зарлаад байна. Цаашид лабораторидоо чанарын удирдлагын тогтолцоо ISO стандартыг нэвтрүүлчих юмсан гэж зорьж байгаа.

 

Манай БОЭТ-ийн хувьд бусад аймагтай харьцуулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, байр, тоног төхөөрөмжийн хангамж хамаагүй илүү байдаг. Төрд биднийг төлөөлөөд сууж байгаа гишүүд маань бүгд аймгийн удирдлагаар ажиллаж байсны хувьд БОЭТ-д юу хэрэгтэй байгааг мэддэг, тэр хэрээр асуудлыг шийдвэрлэсээр ирсэнд талархаж явдгаа энэ ташрамд хэлье.

 

-Танай байгууллага саяхныг хүртэл өр төлбөрийн асуудал ихтэй байсан. Энэ нь шийдэгдсэн болов уу?

-Эрүүл мэндийн салбар нь 2020 оноос гүйцэтгэлд суурилсан санхүүжилт руу шилжсэн. Өөрөөр хэлбэл ажлынхаа үр дүнгээр санхүүжнэ гэсэн үг. Урьд нь юу хийхээс шалтгаалаад тухайн орон нутагт төсвийг нь өгчихдөг, тэр төсвийг хуваарилж олгодог байсан бол одоо иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, гүйцэтгэлээр Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас санхүүжилт авдаг болсон гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв чанаргүй, үр дүнгүй үйлчилгээ үзүүлбэл хасагдал тооцно.

Эмч, ажилтан бүр хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэсний үр дүнд үнэлгээ өндөр байж, чанар төлбөрийн   хяналтаар хасагдлыг бууруулдаг. 2023 онд эрүүл мэндийн даатгалын хасагдлыг 53,6 хувь бууруулж чадсанаар өр төлбөрийн асуудал цэгцэрч байгаа гэж ойлгож болно.


-  -БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар хувьдаа эмнэлэгтэй гэх шүүмжлэлд багагүй өртдөг. Энэ асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ?

-  -Хувь хүнийхээ хувьд хувийн эмнэлэг хөгжих ёстой гэж хардаг. Яагаад гэвэл адилхан л эрүүл мэндийн салбарын ачаанаас үүрэлцэнэ. Гэхдээ хувийн эмнэлгүүдийг нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгоход түлхүү анхаарч ажиллаасай гэж боддог. Улсын эмнэлэгт ажилладаг хүн хувьдаа эмнэлэгтэй байж болох, эсэх талаар хуульд тусгаагүй. Эмнэлгийн зөвшөөрлийг Эрүүл мэндийн газраас олгодог. Эмч өөрийн мэргэжлийн ур чадвараа үнэлээд хувийн эмнэлэг байгуулж болно, харин ажлын цагийг давхцуулж болохгүй гэх шаардлагыг тавьж байгаа. Тухайлбал, ажлын цагаар хувийн эмнэлэгтээ хүн үзээд сууж байвал иргэд гомдол тавих эрхтэй.    



-Та өөрөө ямар мэргэжлийн эмч вэ? Ажлынхаа замналаас товч танилцуулах уу?

-Би 2005 онд сургуулиа төгсөөд Бат-Өлзий суманд гэрээгээр очиж, эрхлэгч эмчээр ажлын гараагаа эхлүүлж байсан. Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж дарга эрүүл мэндийн салбарыг маш сайн дэмжиж, хамтарч ажилладаг байсан учраас 9 жил, 6 сарын хугацаанд сумынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэхийн зэрэгцээ өөрийгөө ч хөгжүүлж ирсэн.


Энэ хугацаанд мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний эмчээр мэргэшиж, мөн 2011-2012 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын ангийг дүүргэсэн. 2016 онд Төрийн захиргааны магистр хамгаалж, 2019 оноос докторантурт суралцаад докторын зэрэг хамгаалахаар сэдвээ авчихаад явж байна. Эрүүл мэндийн удирдлагаар “ахлах”, нийгмийн эрүүл мэндийн удирдлагаар “тэргүүлэх” зэрэг хамгаалсан. Эрүүл мэндийн салбарт 19 жил ажиллахдаа эрүүл мэнд, нийгмийн удирдлагаар болон эмч мэргэжлийнхээ чиглэлээр сайн суралцсан гэж ойлгож байгаа.

2014 оноос аймгийн БОЭТ-ийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад 2022 онд ТУЗ-өөс БОЭТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарласны дагуу шалгалт өгч тэнцээд энэ албанд томилогдон ажиллаж байна.


-Доктор хамгаалахаар ямар сэдэв авсан бэ?

-Төрийн захиргааны удирдлагаар магистр хамгаалахдаа “Сумын эмчийн ажлын ачаалал” гэх сэдвээр судалгаа хийж байсан. Одоо Төрийн захиргаа, эрүүл мэндийн удирдлагаар докторантурт сурч байгаа. Энд “Эмч мэргэжилтний бүтээмжийн үнэлгээ” гэдэг сэдвээр судалгаа явуулж байна. БОЭТ-ийн захирал болсонтой холбоотойгоор доктор хамгаалах ажил маань хойшоо тавигдаад байгаа. Гэхдээ 2025 онд багтаад зорьсон ажлаа дуусгана.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. 

Холбоотой мэдээ