Төв аймаг дэлхийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-04-30 20:23:01
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг Богдхан уулын энгэртээ 1,8 тэрбум төгрөгийн өртөгтэй дэлхийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн бэлтгэлийн талбай  байгуулахаар барилгын шавийг өнөөдөр тавилаа.

Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Монголын хөл бөмбөгийн холбооны техникийн захирал Ш.Жаргалсайхан, аймгийн БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн, “Дэрэннаран” ХХК-ийн захирал Г.Мөнхчулуун болон аймгийн Хөл бөмбөгийн холбооны гишүүд, дэмжигчид оролцов.

"Хөл бөмбөгийн спортоор манай улс есөн насны ангилалд шигшээ багийг бэлтгэж, олон улсын тэмцээнд оролцож байна. Байнгын бэлтгэл сургуулилт хийхэд цаг уурын болон орчин нөхцөлөөс шалтгаалсан хүндрэлүүд байнга үүсдэг. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс шигшээ багийн бэлтгэлийн бааз байгуулах төслийг Монголын хөл бөмбөгийн холбоо санаачлан Төв аймагт хэрэгжүүлж байна" гэж Монголын хөл бөмбөгийн холбооны техникийн захирал Ш.Жаргалсайхан хэллээ.

Гурван жил үргэлжлэх уг төслийг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэгчээр Голланд улсын “Грийнфилд” компани ажиллах бол туслан гүйцэтгэгчээр “Дэрэннаран” компани ажиллана.

"Шинээр баригдах бэлтгэлийн баазад битүү дээвэртэй талбай нэмж барихаар төлөвлөсөн. Ингэснээр манай шигшээ багууд гадаад руу явж бэлтгэл хийх шаардлагагүй болж цаг хугацаа, хөрөнгө зардал хэмнэхээс гадна орон нутагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд таатай боломж бүрдэж байна" гэж аймгийн БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн онцолсон юм.
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ