Говь-Алтайд барилгын цэргийн анги байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-10 14:27:04
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /тавдугаар сарын 9-ний өдөр/ Говь-Алтай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзан Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.
Ерөнхий сайд үгийнхээ эхэнд “Манай Засгийн газар асуудлыг шийддэг Засгийн газар байхыг зорьж байгаа. Тиймээс ч энэ удаа танхимын сайдуудын хамтаар орон нутагт ажиллаж байгаа юм. Тодруулбал орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдэж, хамаарах салбар яам, сайдад нь үүрэг өгч ажиллах учиртай” хэмээлээ.
Харин иргэдийн зүгээс орон нутагт тулгамдаж буй асуудлыг хөндөн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал тус аймагт нэн шаардлагатай, олон жил иргэдийн хүлээлтийг үүсгээд буй Алтай хот-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг яаралтай эхлүүлж дуусгавар болгох, дулааны цахилгаан станц болон иргэдийн ундны усны асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Мөн хөдөө сумдын цэцэрлэг, сургуулийн барилгыг шинээр барих, малчдын нийгмийн асуудлыг төр засгийн зүгээс бодлогын хэмжээнд зохицуулах гэх мэт асуудалд санал бодлоо илэрхийллээ.
Говь-Алтай аймгийн удирдлагууд болон ард иргэдийн хүсэлтийн дагуу Ерөнхий сайд 2018-2019 онд дараах ажлуудад хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал:
1. Алтай-Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай автозамыг гүйцээн ашиглалтад оруулах
2. Дулааны цахилгаан станц барих
3. Цэвэр усны хангамжийн “Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлэх
4. Солонго хорооллын 1788 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээг барих 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэх
5. Алтай, Тонхил, Дэлгэр сумдыг шилэн кабелийн сүлжээнд холбох
6. Есөнбулаг сумд 320 хүүхдийн цэцэрлэгийг шинээр барих 3.1 тэрбум төгрөг
7. Дэлгэр сумд 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга барих 1.5 тэрбум төгрөг
8. Барилгын цэргийн анги байгуулах
9. Малын /сарлаг/ үүлдэр угсааг сайжруулахад 500.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх
10. Есөнбулаг, Чандмань, Дэлгэр, Тонхил, Халиун, Шарга, сумдад тус бүр 1 худаг шинээр гаргах
11. Шарга, Алтай сумдын эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барих
12. Есөнбулаг сумд баригдаж байгаа 960 хүүхдийн сургуулийг шинээр ашиглалтад ороход шаардагдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх
13. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 200.0 сая төгрөгийн төсөл санхүүжүүлэх
14. Үлийн цагаан оготны устгалыг 20000 га-д хийх хөрөнгө зэрэг олно асуудлыг шийдвэрлэхээр болсон юм. 
Манай Улсын эдийн засаг сайжирч энэ онд эдийн засгийн өсөлт 5,2 хувьтай гарсан. Тиймээс эдийн засгийн өсөлтийн  үр шимийг ийнхүү ард түмэндээ чиглэсэн ажлуудыг шийдэж, хийх боломжтой болж байгааг Ерөнхий сайд онцлон хэлэв.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ