"Төрийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг" сумдад зохиогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-14 20:49:40
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс эхлэн энэ сарын 21-ний өдрийг хүртэл хойд бүсийн сумдад "Төрийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээгээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын, Хууль, эрх зүйн, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зэрэг хэлтэс,  Боловсрол, соёл урлагийн, Биеийн тамир, спортын зэрэг газрууд Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төв, Насан туршийн боловсролын төв, Нийтийн номын сангийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Шарга-Бугат-Тонхил-Дарив-Хөхморьт-Баян-Уул-Жаргалан-Тайшир сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөн туслах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хөдөө сумдын иргэдэд ойртуулах зорилготой ажээ.

Мөн тэд аймгийн хэмжээнд хийгдсэн болон энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт, цаашид авах арга хэмжээг ард иргэдийн саналын дагуу төлөвлөх юм. Сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт, санал хүсэлтийн үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлж буйтай танилцан, "Сахилга хариуцлагыг сайжруулах жил"-ийн ажлын хэрэгжилтийг хянан шалгах ажээ. Мөн үеэр эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоог зохион байгуулах юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ